ХӨВСГӨЛ: Алаг-Эрдэнэ сүрьеэ өвчингүй сум болох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-24 15:21:06

Мөрөн   /МОНЦАМЭ/.  Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тохиодог.  Хөвсгөл аймагт  жилд сүрьеэ өвчний 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдэн эмчлүүлж байна. Сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас 400 орчим иргэнийг үзлэгт хамруулахад 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.


Тус аймгийн Алаг-Эрдэнэ сум сүрьеэгүй сум болох зорилт дэвшүүлэн тодорхой үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Зорилтын хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сард сумын хэмжээнд 3 өдрийн эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийж, хоёр тохиолдол илрүүлэн эмчилж байна. Мөн энэ сард Алаг-Эрдэнэ сумын хэмжээнд дахин үзлэг оношилгоог хийж, иргэдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж өгнө.

“Сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Энгийн сүрьеэгийн өвчлөлд зургаан сарын хугацаатай эмчилгээ хийдэг. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдолд 18-24 сарын хугацаатай эмчилгээ хийж байна. Өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээг тасалдуулахгүй, эмчийн зөвлөгөөний дагуу хорт зуршлаас татгалзаж чадвал сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ. Хамгийн гол нь тухайн хүний сэтгэл зүй, гэр бүлийн гишүүдийн дэмжлэг чухал нөлөөтэй” гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн сүрьеэгийн эмч Б.Мөнхжаргал зөвлөлөө.

 

 

 

Холбоотой мэдээ