“Эерэг хандлага-Эрүүл нийгэм” үндэсний аян 8 сар үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороотой хамтран “Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аяныг зарлах болсон тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, ОБЕГ-ын тамирчин, ОУХМ Б.Хулан, Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Энэхүү
аяныг найман сарын хугацаатай явуулах бөгөөд ирэх 4 дүгээр сарын 1-нээс эхэлж
11 дүгээр сарын 30-нд өндөрлөх юм байна. Аяны зорилго нь Монгол Улсын урт хугацааны
хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх,
идэвхтэй амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор
хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, салбарын төрийн болон ТББ-ын ажилчид, тамирчин,
дасгалжуулагч, шүүгчдийн ёс зүй, соёл, харьцаа, хандлагыг дээшлүүлэх, спорт, биеийн
тамирын арга хэмжээгээр дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг
нэмэгдүүлэхэд орших юм байна.
Аяны
хүрээнд 5 зорилгыг дэвшүүлж байгаа аж. Үүнд:
1. -Байгууллага хувь хүний соёл, эерэг хандлага, эелдэг
харьцааг сайжруулах,
2. -Байгууллагын болон бэлтгэлийн заал, талбайн цэвэр орчныг
бүрдүүлэх,
3. -Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах,
4. -Салбарын байгууллагууд бүх шатандаа үйл ажиллагаа, арга хэмжээний болон зохион байгуулалтын цагийг нарийн баримтлах зэрэг зорилго дэвшүүлж байна. Мөн спортын салбарт зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээний удирдамжид ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилго, зорилтуудыг онцгойлон анхаарч, тусган хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэж хэлсэн юм.