ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийн гэмтэл бэртлийн үеийн бэлэн байдлыг хангах сургалтад малчдын төлөөлөл оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-29 11:08:51

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. “Хүүхдийн гэмтэл бэртлийн үеийн бэлэн байдлыг хангах, иргэд олон нийт, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт” энэ сарын 27, 28-нд Алтай суманд боллоо.  


Сургалтыг Австралийн ЭСЯ-ны санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус аймгийн ЭМГ, Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.

Сургалтад оролцогчдод анхны тусламжийн талаар мэдээлэл зөвлөмж хүргэснээс гадна анхны тусламжийн 50 багцыг “Яаралтай тусламжийн товч зааврууд” гарын авлагын хамт өгсөн юм.

Малчид, иргэдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн үед авах арга хэмжээ, эрүүл мэндийн боловсрол олгох, сумын эмч, эмнэлгийн ажилтнууд болон хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтнуудыг ажлын байран дээр сургах боломж бага байдаг. Иймд орон нутагт нь хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалтыг ийнхүү зохион байгуулсан аж. Сургалтад сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, малчдын төлөөлөл хамрагдав. 


Сумдын эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үзүүлэх чадавхыг сайжруулах, хөдөө орон нутагт хүүхдэд тохиолдох осол гэмтлийн үеийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлэн, тусламж үйлчилгээг  сайжруулснаар  гэмтлийн шалтгаант нас баралт, өвчлөл, хүндрэлийг бууруулах зорилготой энэхүү төсөл хэрэгжиж буй юм.

Төслийн хүрээнд осол гэмтлийн үед ашиглах дамнуурга, хүзүү, нуруу, мөчдийн чиг гэх мэт осол, гэмтлийн үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг иж бүрнээр нь, “Жижүүр эмчийн хөтөч”, “Яаралтай тусламжийн товч зааврууд” гарын авлагуудын хамт сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Говь-Алтай аймгийн хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны талаар Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Ш.Дагваас тодруулахад: 


"Говь-Алтай аймгийн тухайд хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаалан түлэгдэлт байдаг. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас 100 хувь шалтгаалдаг гэж хэлж болно. Дараа нь сургуулийн насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог зам тээврийн осол юм. Үүний сацуу мотоцикл, хурдан мориноос унаж бэртэж осолдох тохиолдол цөөнгүй хувийг эзэлдэг. Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавьж буй анхаарал хяналтаа сайжруулбал дээрх ослуудаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт түлэгдэлтийн улмаас долоо хоногт 1-3 хүүхэд тусламж үйлчилгээ авдаг. Түлэгдэлт нь улирлаас хамаардаг, тодруулбал галлагаатай холбоотойгоор 11 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд түлэгдэлт ихэсдэг" гэлээ.

Холбоотой мэдээ