ТӨВ: “Төв математик” олимпиадад 22 сумын 220 хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-29 21:35:26

Зуунмод /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Төв математик” олимпиадыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Заамар суманд зохион байгууллаа.

Тус олимпиадад 22 сумын 25 сургууль, 26 баг, 65 багш, 220 хүүхэд оролцсон байна. Багийн дүнгээр тэргүүн байрыг Заамар, дэд байрыг Батсүмбэр, гутгаар байрыг Баянчандмань сум эзэллээ.

 

Математикийн сургалтын чанарыг сайжруулж, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэн, математикт дур сонирхолтой болгох, бага ангийн багш нарын онол, заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх, эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд олимпиадын зорилго чиглэж байгаа аж.


Тус үйл ажиллагааны талаар Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнээс тодруулахад, “Энэхүү олимпиадыг 2019 онд хамгийн сүүлд зохион байгуулсан. Тухайн үед 7 сум орж байсан бол энэ жил 22 сумаас ирж оролцож байна. Үүнийг хараад олимпиадын цар хүрээ тэлсэн байгааг харж болно. Олимпиад бол тухайн сонгосон хичээлийг илүү гүн гүнзгий түвшинд судлах боломжийг олгодгоороо ололттой зүйл гэж бодож байна” гэв.


Мөн олимпиадын үеэр СЭЗДС-ийн багш Н.Аргилсан бага ангийн багш нарт олимпиадын бодлого бодох арга, дунд ангийн багш нарт рекурент тэгшитгэл бодох арга зүй сэдэвт сургалт оржээ.

 

Холбоотой мэдээ