Г.Өнөрбаяр: Нийгмийн даатгалын өөрчлөлт нь зөвшилцөж шийдэх учиртай тогтолцоо юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-29 16:45:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас гаргасан тоогоор манай улсад 400 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж иржээ. Үүний тал хувь нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй иргэд байна. Тиймээс нийгмийн чанартай бүх үйлчилгээг цахимжуулах, монголчууд олноор амьдарч буй гадаадын улс оронтой нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах замаар бүх иргэнийг нийгмийн даатгалд хамруулах талаар Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгаад байна.

Энэ талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ХНХЯ, НДЕГ-аас зохион байгуулж буй Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр мэдээллээ. Хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг өнөөдөр ажил олгогчдын төлөөлөлтэй  хийсэн юм.

ХНХЯ: Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ.


Хуулийн хэлэлцүүлгийг зун хүртэл үргэлжлүүлэн хийх тул даатгуулагч иргэд, ажил олгогч нарыг өргөнөөр оролцохыг тэрбээр хүслээ. Яагаад гэвэл, Нийгмийн даатгалын хууль нь бүх хүний ажил, амьдрал, ирээдүйн нийгмийн хамгаалал, баталгаа, тэтгэврийн өсөлттэй холбоотой байдаг учир бүгд өөрийн санал бодлоо илэрхийлээсэй гэв. Хуулийн төслийн гол үзэл санаа Монгол Улс өнөөдрийг хүртэл явж ирсэн хуваарилалтын тогтолцоогоо цааш үргэлжлүүлэх үү, эсвэл бусад улс оронд хэрэгжүүлж буй жишгийн дагуу хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үү гэдэгт оршиж буйг тэрбээр онцоллоо.


Хуваарилалтын тогтолцоо нь өнөөдрийн бидний төлж буй шимтгэлээр ахмадууд тэтгэврээ аваад явж байгаа байдал юм. Энэ нөхцөлд тэтгэвэр өвлөгдөх эсэхээс эхлээд нийгмийн зүгээс тавьж буй нийгмийн даатгал төлөлт, тэтгэврийн шударга бус хуваарилалт, засаглалтай холбоотой асуудал хангагдаж чадахгүй байна гэдэг үүднээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд төр, засгаас тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоог санал болгон тусгаж буйг мэдэгдлээ.

Энэ үүднээс 1979 оноос хойш төрсөн бүх хүн хагас хуримтлалын тогтолцоогоор явах талаар олон нийтээс асууж саналыг авч байна гэв. Хэрэв иргэд зөвшөөрч дээрх тогтолцоо руу шилжих нь зөв гэвэл өвлөгдөх асуудал зэрэг нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой олон зүйл өөрөөр бодогдож эхэлнэ гэдгийг тодотголоо.


Тэрбээр хагас хуримтлалын тогтолцоо нь тухайн иргэн Нийгмийн даатгалын сан (НДС)-д хэдий хэмжээний шимтгэл төлнө, түүнтэйгээ нийцсэн шударга тэтгэвэр авна гэдгийг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, НДС-д иргэн ямар хэмжээний шимтгэл төлсөн болон улсад хэдэн жил ажилласан дүнгээр, мөн таны хуримтлуулсан мөнгөн дүнгийн өсөлтийг жил жилээр тооцон, тухайн иргэний амьдрах дундаж хугацааны илэрхийллээр хуваан тэтгэврийг маш энгийнээр бодно гэдгийг хэлж, энэ тохиолдолд нэрийн данс мөнгөжих учиртайг хэллээ. 


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ