Газар чөлөөлж барьсан шинэ цэцэрлэгт 240 хүүхдийг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-30 14:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрладаг 17 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

 

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Тамга уул” ХХК Азийн хөгжлийн банкны 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр жил хүрэхгүй хугацаанд барьжээ. Энэ барилга ашиглалтад орсноор 10, 11 дүгээр хорооны хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, анги, танхимын багтаамж, хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Мөн нийслэл, дүүргийн Засаг даргын Газрын зөрчил арилгах тухай захирамжийн хүрээнд 21 гараашийг чөлөөлсөн газарт барьсан бөгөөд газар чөлөөлөх ажлын бодит үр дүн болж байгааг цэцэрлэгийн удирдлагууд онцлов.

 

Нээлтэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон Азийн хөгжлийн банкны төслийн багийн төлөөлөл, Боловсролын Ерөнхий газар, гүйцэтгэгч “Тамга уул” ХХК, хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 





Холбоотой мэдээ