Геологийн салбарт 1000 гаруй геологич эмэгтэй ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2023-04-02 14:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад гидрогеологийн судалгааг нэгдсэн бодлогоор удирдан явуулах хэрэгтэй байна.


Энэ талаар Геологи-минералогийн ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан У.Борчулуун “Монголын Геологи, хайгуул-2023” чуулган уулзалт дээр хөндсөн юм. Тэрбээр хэлэхдээ, өнөөдөр манай улсад гидрогеологийн 1:200 000-ын зураглал, рашааны судалгаа, газар доорх усны эрэл, хайгуул болон горимын судалгааг Усны газар явуулж байна. Гэтэл мөн хэмжээний масштабын геоэкологи-гидрогеологийн зураглал, сэдэвчилсэн судалгааны ажлыг Үндэсний геологийн алба гүйцэтгэж, хатуу ашигт малтмалын ордын гидрогеологийн судалгааг АМГТГ зэрэгцүүлэн хийж, дээр нь ХХААХҮЯ бэлчээрийн усан хангамжийн судалгааг явуулж байна хэмээн давхардсан, салангид олон судалгааг жишээ татлаа.



Манай улсад гидрогеологийн судалгааг нэгдсэн бодлогоор удирдан явуулах хэрэгтэй байна.



Монголын Үйлдвэрлэлийн геологчидын холбооноос зохион байгуулсан “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилж энэ мэтээр салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, цаашид юунд анхаарах талаараа хэлэлцсэн юм.


Монголын Геологийн Холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй, улсаас геологийн чиглэсэн, сэдэвчилсэн судалгааг төсвийн хөрөнгөөр түлхүү хийх хэрэгтэйг онцолж, энэ нь Монгол Улсын эрдсийн түүхий эдийн бааз суурийг бэлдэх үндсэн чиглэлийг тогтоож өгнө. Ингэснээр салбарын ирээдүйд чухал ач холбогдолтой. Харин хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байна гэв.

Дэлхийд дахинд геологийн салбар хөрөнгө оруулалтыг өөртөө татах өрсөлдөөн дунд явж байна. Гэтэл манай улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад хууль эрх зүйн тогтворгүй орчин (олон хууль шинэчлэгддэг, шийдвэр удаан гардаг, итгэлцлийг бүрдүүлдэггүй, төр, засгийн салбарын залгамж байдал байхгүй зэрэг олон хүчин зүйл)  сөргөөр нөлөөлсөн хэвээр байгааг чуулга уулзалтад оролцогчид хөндлөө.


Монголын геологийн салбарт 1000 гаруй геологич эмэгтэй ажиллаж буй талаар Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Мөнхтэгш мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, 1970-1980 оноос манай улс геологийн салбарт эмэгтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, гадаад, дотоодод суралцуулах болсон. Улмаар 1990-ээд оноос хойш геологич мэргэжилтэй гэр бүлүүд их болж, геологийн салбарт жендэрийн тэгш харилцаа бий болсон. Геологич мэргэжлээр бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байж, Шинжэлэх ухааны академийн геологийн болон палеонтологийн хүрээлэнд олноор ажиллаж ирсэн. Одоо үйлдвэрлэлийн геологи болон геологийн хээрийн судалгаанд нийт 1000 гаруй эмэгтэй геологич ажиллаж байна гэв.


Геологийн салбарын төлөөлөл 700 гаруй хүн оролцсон “Монголын Геологи, хайгуул-2023” чуулганаар Засгийн газраас хэлэлцүүлж буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь геологийн суурь судалгааны ажлыг тусгаагүй, салбарын хөгжлийг урагшлуулах хууль болж чадахгүй байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.


Энэ талаар Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнгөншагай, ашигт малтмал, геологийн салбарын үндсэн чухал хууль болох Газрын хэвлийн тухай хуулийг хэлэлцэж батлаагүй байхад Ашигт малтмалын тухай хуулийг өмнө нь хэлэлцүүлж байгаа нь учир дутагдалтайг хэлж байлаа.




Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ