Эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй хянаж, шинжлэх төхөөрөмжийг ажиллуулж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний нэгдсэн системийн бүх төрлийн горимд тасралтгүй хяналт шинжилгээ хийх “RTDS”-ыг “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-д хүлээлгэн өглөө. Хүлээлгэн өгөх баримт бичигт тус төвийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар гарын үсэг зурж, төхөөрөмжийг ажиллуулж эхлэв.
Монгол Улсын эрчим хүчний системийг бодит өгөгдлөөр загварчилж, симуляц хийх 500 мянган ам.доллар буюу 1.750.000.000 төгрөгийн үнэ бүхий энэхүү RTDS /Real-Time Digital Simulator/-ыг манай улсын эрчим хүчний нэгдсэн системд нэвтрүүлснээр системийн тогтворжилтын төлөв байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын чиг хандлагыг нарийвчлан тодорхойлох богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай төлөвлөхөд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Дэлхийн 50 гаруй оронд ашигладаг тус систем нь дизель генератор, нарны үүсгүүр, батарейн үүсгүүр гэхчлэн бодит эх үүсвэрийн өгөгдлийг цахимаар загварчилдаг юм.
“Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний
оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэх, эрчим хүчний
салбарын инженер техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг ЭХЯ, ЖАЙКА хамтран хэрэгжүүлжээ.
“RTDS”-ыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Монгол, Япон улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосноос хойш 50 жилийн түүхэнд эрчим хүч, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм соёл, дэд бүтцийн олон талт хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна. Тэр дундаа Монгол Улсын эрчим хүчний салбарт 1991 онд ЖАЙКА-гийн шугамаар “ДЦС-4” ТӨХК-ийн техникийн шинэчлэл, 2014 онд тус станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү систем нь бодит гэмтлийг тодорхойлж, Монгол Улсын эрчим хүчний системийг цахим орчинд хянаад, эх үүсвэрүүд бие биеэ яаж дэмжиж ажиллаж байгааг харах, урьдчилан тооцоолох, осол аваар бага гаргах нөхцөлийг хангах юм. Ингэснээр үйл ажиллагааны аюулгүй байдал, учирч болох санхүүгийн эрсдэлээс хамгаалах зэрэг олон давуу тал бий болгох”-ыг онцоллоо.
“RTDS нь Монгол Улсын эрчим хүчний системийг бодит байдлаар харуулж, үүсэж буй асуудлыг мэдээлж, урьдчилан загварчлах юм. Төслийн хүрээнд хамтран ажиллаж буй ажилтнууд цаашид үр дүнтэй суралцаж, япон инженерүүдээс идэвхтэй суралцана гэж найдаж байгаа”-гаа Танака Шиничи илэрхийлэв.
Түүнчлэн, RTDS нь эрчим хүчний нэгдсэн системд бүх төрлийн горимд үнэлэлт дүгнэлт хийж, бодит дата мэдээлэл гаргаснаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой ухаалаг систем гэдгийг “ДҮТ”-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням энэ үеэр тэмдэглэсэн юм.