ДУНДГОВЬ: Мал эмнэлгийн нөхөн үржихүйн өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх чадвар олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-07 15:46:37
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн ОУБ, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран Дундговь аймгийн 15 сумын малын эмч, мэргэжилтнүүдийг онол, практик хосолсон сургалтаар чадавхжуулав. Энэхүү сургалтыг Дэлхийн зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд зохион байгуулсан ба малын эмч, мэргэжилтэн 44 хүн хамрагджээ.

Энэхүү сургалтаар мал эмнэлгийн практикт тохиолдож буй нөхөн үржихүйн өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоо, нөхөн үржихүйн биотехнологийн боломж, малын хээл тодорхойлох, үргүйдлийн оношилгоо, жижиг амьтны нөхөн үржихүйн эмгэг, мэс засал сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгожээ.



ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн багш Доктор П.Эрдэнэтогтох малын их эмч, мал эмнэлгийн хүрээлэнгийн Доктор Р.Одбилэг, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн мэргэжилтэн, магистр, малын их эмч Ж.Буянмандах нар ийнхүү 2 өдрийн сургалтыг удирдан явуулсан юм.

Дэлхийн зөн ОУБ нь дээрх төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байгаа ба “Орон нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, иргэдийн амьжиргааг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих замаар уур амьсгалаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхтай орон нутаг болоход нь дэмжлэг үзүүлэх” зорилготой юм.

Байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчний үед орон нутгийн иргэдийн чадавхыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг сайжруулахад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл чухал ач холбогдолтой.

Цаашид уг төслийн хүрээнд чадавхжсан иргэд болон төслийн зорилтот байгууллагуудын оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн менежментийн бодлого төлөвлөлтийг боловсруулах, түүнийг сайжруулах чиглэлээр ажиллах ажээ.





Холбоотой мэдээ