Полиэтилен, багцлагч, ороогч хальсыг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-10 14:57:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд полиэтилен, багцлагч, ороогч хальсыг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ.


Манай улсад энэ төрлийн буюу полиэтилен хальсан уут, хуванцар сав, баглаа боодол үйлдвэрлэгч 50 шахам үйлдвэр байдгаас 30 нь үйл ажиллагаа явуулж байна. Харин өнөөдөр нээгдэж буй баглаа, боодлын үндэсний “Мултипак” компанийн үйлдвэр нь полиэтилен хальсыг дотоодоосоо түүхий эд бэлтгэн дахин боловсруулж, бүрэн циклээр үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүн болгож байгаагаараа онцлог, анхдагч үйлдвэр болж буйг Монголын Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар тус үйлдвэрийн нээлтийн үеэр онцоллоо.


Мөн тус үйлдвэр нь хэрэглэсэн саарал усаа 8 давхар шүүж, дахин ашиглах технологи нэвтрүүлж буйгаараа онцлогтой, үйлдвэрлэлийнхээ 30-аас дээш хувийг мөн дахин боловсруулсан хог хаягдал ашиглаж, бусад үйлдвэртэй харьцуулахад эрчим хүчийг 4 дахин хэмнэн үйлдвэрлэлээ явуулж буйг “Мултипак” компанийн гүйцэтгэх захирал Э.Тод-Од тодотгов. Тэрбээр, “Манай компани 2010 байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийнхээ түүхий эдийг БНХАУ-аас оруулж ирж байсан бол одоо бүх зүйлийг дотоодоосоо, дотооддоо хийж байна. Мөн 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай ажиллаж эхэллээ” гэв.


Полиэтилен хальсны түүхий эдийг дотоодын хог хаягдлаар хийж боловсруулж байгаагаар хог хаягдлыг бууруулахаас гадна импортоор оруулж ирж буй полиэтилен бүтээгдэхүүнийг орлуулж байна. Ингэснээр гадагшаа урсах валютыг дотооддоо үлдээж буй юм.


“Мултипак” ХХК-ийн үйлдвэр анхдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон дахин боловсруулах гэсэн хоёр хэсгээс бүрдэж, баглаа, боодлын зориулалттай, багцлагч болон ороогч хальс гэсэн үндсэн хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Эдгээр нь Герман улсын технологиор олон улсын стандарт хангасан аж. 



Тэг хаягдалтай буюу хаягдлаа буцааж худалдан аваад боловсруулдаг. Боловсруулалтын явцад хог хаягдлыг үрэл болгон эцсийн бүтээгдэхүүн хийж байна.



“Мултипак” компанийнхан шинэ үйлдвэрийн үйл ажиллагаагаа харилцагч байгууллага, ААН-үүдийн төлөөлөлд үзүүлж танилцууллаа. Тэдний нэг “Женерал Скай Монголиа” ХХК-ийн ерөнхий инженер П.Болор-Эрдэнэтэй уулзвал, “Манайх “Мултипак”-тай хамтран 10 гаруй жил ажиллаж байна. Хүнсний үйлдвэрлэгчдээс анхдагч гэрээт байгууллагынх нь нэг. Эдний багцлагч хальсыг хэрэглэж ирсэн. Манайх сав, баглаа боодол их хэрэглэдэг учир хаягдлаа цуглуулж байгаад, хальсны рулоны гол зэргийг буцаагаад энэ компанид тушааж нийлүүлдэг, хоёр талын харилцаатай хамтран ажилладаг. Эх орондоо хаягдалгүй, улс орондоо хэрэгтэй, ээлтэй эко үйлдвэр байгуулан нээж буйд баяртай байна. Эдний бүтээгдэхүүн хар бараан толбогүй, гологдолгүй, цэвэрхэн, хэрэглэхэд амар, агшиж сунах чанар сайн байдаг” гэв.


Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ