ЗАВХАН: Засаг даргын ахалсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-11 13:48:56

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын баг ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс томилогдсон ажлын баг Улиастайд хоёр өдөр ажиллаж байна.



Ажлын баг аймгийн ИТХ, ажлын алба, ЗДТГ, хэлтэс агентлагуудын удирдлагуудад танхимаар, 24 сумын Засаг дарга нарт цахимаар сургалт мэдээлэл өглөө. Сургалтад 70 гаруй төрийн албан хаагчид оролцож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал ба эрх зүйн орчин, Үндэсний аюулгүй байдлын гадаад орчин - Дэлхий дахин ба гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын дотоод орчин–Орон нутаг ба эрсдэл, Мэдээллээр хангах журмын хэрэгжилт, анхаарах асуудал сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан санал бодлоо солилцсон юм.


Мөн ажлын баг аймгийн Засаг даргын тухайн орон нутагт зохион байгуулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, Засаг даргын ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын багийн үйл ажиллагааг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


"Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд: -Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

Үндэсний язгуур ашиг сонирхолд: Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэжээ. 


Холбоотой мэдээ