БАЯНХОНГОР: Шуурганд дөрвөн гэр нурж, ашиглах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-13 08:32:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт ойрын өдрүүдэд шороон шуурга шуурч, говийн сумдаар 20м/с давж шуурсны улмаас гэр нурж, ашиглах боломжгүй болсон тохиолдол цөөнгүй гарчээ.

Тус аймгийн Баянлиг сумын нэгдүгээр багийн Дунд хөх хүрэм толгой гэдэг газар 20 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас нэг гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12.18 цагт бүртгүүлжээ. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.

Мөн тус сумын Баян-Аараг хоёрдугаар багийн Муруй гэдэг газар 21 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас малчин Ө-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон бол Хатансуудал багийн Өлзий хороололд 19 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас иргэн Б-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн Зэрэглээ гэдэг газар 32 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас нэг гэр нурсан тухай мэдээллийг 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16.38 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээллээр, өнөө шөнөөс хээр тал болон говийн нутгаар 12-14м/с, зарим үед 22м/с давж ширүүсэн шороон шуурга шуурах ба цаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав.

Холбоотой мэдээ