Арван их наядын хөтөлбөрөөр 6.8 их наяд төгрөгийн зээл олгож иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-13 09:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ковидын цар тахлын үед төр, засгаас хэрэгжүүлсэн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” (2021-2022)-ний хэрэгжилт, мөнгөн дүнгийн зарцуулалтын задаргааг Монголбанкнаас сэтгүүлчдэд танилцуулав.

Ковидын үеийн 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт:

  • Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 тэрбум төгрөг,
  • Урт хугацаат репо санхүүжилтэд 2 их наяд төгрөг,
  • Орон сууцны ипотекийн зээлд 2 их наяд төгрөг,
  • ХАА-н зориулалтын зээлд 888 тэрбум төгрөг зарцуулжээ.

2021 онд дийлэнх нь буюу 4.2 их наяд төгрөгийг гарган зарцуулжээ. Үүнээс:

  • Ажлын байрыг дэмжихэд 1.9 их наяд төгрөг,
  • Урт хугацааны репо санхүүжилтэд 834 тэрбум төгрөг,
  • Орон сууцны ипотекийн зээлд 955 тэрбум төгрөг,
  • ХАА-н зээлд 494 тэрбум төгрөг гарчээ.

2022 онд буюу өнгөрсөн жил:

  • Ажлын байрыг дэмжихэд зээл гараагүй 00,
  • Урт хугацаант репо зээлд 476 тэрбум төгрөг,
  • Ипотект 732 тэрбум төгрөг,
  • ХАА-н зээлд 300 тэрбум төгрөг, нийт 1.5 их наяд төгрөг гарчээ.

Нийт 5.7 их наяд төгрөг.

Хөтөлбөрийн хүрээнд анхлан 10 их наяд төгрөг зарцуулахаар байсан ч санхүүгийн салбарт зээл болгон гаргах нь 6.8 их наяд төгрөг байв. 

 

Эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд 2021-2022 онд нийт 6.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олгохоор төлөвлөсөн. Засгийн газраас 2021-2024 онд жилд дунджаар 70-80 тэрбум төгрөгийн хүүний дэмжлэгийг олгохоор тооцсон. Энэ нь хүүтэй зээл авсан ААН, иргэд, малчдад санхүүгийн дэмжлэг болж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангана гэж үзсэн.



Ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд:

  • Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 25,514 зээлдэгчид 1,965.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Ингэснээр улсын хэмжээнд нийт 109.7 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн,
  • Урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд нийт 3,659 зээлдэгчид 1,311.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон ба улсын хэмжээнд 67.1 мянган ажлын байрыг хадгалжээ,
  • Ипотекийн зээлийн хувьд нийт 20,070 зээлдэгчид 1,688.1 тэрбум төгрөгийн дүн бүхий санхүүжилт олгов,
  • Хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд нийт 22,117 зээлдэгчид 789.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


Улсын төсвийн орлого 2020 онд өмнөх оноосоо 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Үүнд цар тахалтай тэмцэх багц бодлогын хүрээнд орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нийт 0.92 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн нь голлон нөлөөлжээ.

Харин 2021 онд татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, 0.5 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн хэдий ч нийтийг хамарсан хөл хориог цуцалж, мөн 10 их наядын цогц төлөвлөгөөний нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа сэргэж, уул уурхайн түүхий эдийн үнэ өссөнөөр улсын төсвийн орлого өмнөх оноос 2021 онд 35 хувиар, 2022 онд 36 хувиар тус тус нэмэгджээ.

Эргэн сануулахад, Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ