БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-13 11:33:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг ”Хүмүүн бичиг” сониныг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар хамт олноороо сүүлийн гурван жил тогтмол захиалан уншиж байна. Ингэхдээ баасан гараг бүрд монгол бичгийн уншлагын цагийг тусгайлан гаргажээ. 


Тус байгууллага нь 33 албан хаагчтай бөгөөд "Монгол бичиг үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд албан хаагчдын монгол бичгээр унших, бичих ур чадвараа дээшлүүлэх олон ажлыг хийж хэрэгжүүлсээр ирсэн байна.


Сумын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, монгол хэл бичгийн багш Ч.Энхцэцэг монгол хэл бичгийн анхан шатны сургалтыг долоо хоног бүр хичээллүүлж, тэндээс сурсан мэдлэгээ өргөжүүлэн, үндэсний бичиг соёлоо төгс эзэмшиж, суралцах сонирхолтой болсноо тус хамт олон ярьж байна.


Сурах, судлах сонирхолд хамгийн их ахиц гаргаж, илүү шимтэхэд байнгын дадал хэвшил чухлыг тэд онцлоод, үндэсний бичгээрээ шинэ соргог мэдээ мэдээлэл уншиж, монгол бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгож байдаг МОНЦАМЭ агентлагийнханд талархал илэрхийлэхийн сацуу бүх нийтээр "Хүмүүн бичигтэн" болохыг уриалав.


Тус хамт олон ”Үндэсний бичигтэн хамт олон” аяны хүрээнд албан хаагчдын бичсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, байгууллагаараа тусгай байрт шалгарсан бол "Шударга уншигч" уралдаанд Угтах үйлчилгээний ажилтан Б.Амарсанаа гуравдугаар байр эзэлсэн амжилт гаргажээ.

Холбоотой мэдээ