БАЯНХОНГОР: Дулааны станцын ажлын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-14 12:24:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан баг 10 аймгийн дулааны станцын барилга угсралтын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Ажлын багийнхан энэ сарын 13-ны өдөр Баянхонгор  аймагт ажиллаж, төслийн захиалагч, гүйцэтгэгч, хариуцагч болон орон нутгийн удирдлагуудтай талууд хамтарсан уулзалт хийж, анхаарах асуудлын талаар санал солилцов.


БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн Дулааны станц барих төсөл”-ийн Баянхонгор аймгийн төвийн барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлсэн. Нийтдээ 26 сар үргэлжлэх төсөл нь 2023 онд дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалтын ажлуудыг хийх бөгөөд 2024 оны зургадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. 


Төслийн хүрээнд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг Дулааны станц, 8 дулаан дамжуулах төв, 6.6 км дулааны шугам сүлжээний ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, түүний туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК-иуд ажиллаж байна. 


Төслийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2022 онд барилгын талбайн дэд бүтцийн түр хангамжуудын холболт, төслийн ерөнхий болон нарийвчилсан зураг төсөл, дулааны станц, зуухны суурь (ул бетон), БНХАУ-аас зуухны 99 багц тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, нийлүүлэлтийг гүйцэтгэжээ. Зуухны угсралтыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд дулаан дамжуулах төв, дулааны нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний ажлуудыг энэ онд гүйцэтгэх юм. 


Эрчим хүчний дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга М.Баярмагнай хэлэхдээ, төслийн багийнхныг гүйцэтгэлийн хувьд шуурхай, орон нутаг хоорондын уялдаа сайтай ажиллаж байгааг үнэлээд, төслийн оролцогч талуудад хэд хэдэн асуудлаар үүрэг даалгаврыг өглөө. Төслийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, Дулааны станц ашиглалтад орох хүртэл иргэдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах бүх талын арга хэмжээг авах, Монголын уур амьсгал эрс тэс, барилгын ажил гүйцэтгэх дулаан өдрийн тоо цөөн байдаг тул тулгарч болзошгүй эрсдэл бүрийг нарийн тооцож, Дулааны станц, дулаан дамжуулах төв, шугам сүлжээний ажлуудыг ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар чанар, шаардлагын өндөр түвшинд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх тухайд чиглэл болгов.

Холбоотой мэдээ