БАЯНХОНГОР: Тамхины хэрэглээг бууруулах нөлөөллийн ажлыг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-17 10:21:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ-аас аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран “Электрон болон утаат тамхи” сургалт нөлөөллийн ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд өвсөр насныханд сургалт зохион байгуулж, утаат тамхины хор уршгийн талаарх гарын авлагыг тарааж, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлыг таниулжээ.


Тус сургалт, үйл ажиллагаанд сумын Ерөнхий боловсролын Номундалай цогцолбор сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургуулиудын дунд, ахлах анги, Политехник коллежийн оюутнууд зэрэг 1000 гаруй сурагч хамрагдсан байна.


Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин  болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч биед сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа өсвөр насныханд бүр ч илүү сөрөг нөлөө үзүүлдэг учраас аль болох үүнээс татгалзах нь хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.


Зарим хүн тамхинаас гарах зорилгоор хэрэглэдэг боловч нөгөө талд хүүхдүүд тамхинд илүү татагдаж, сонирхох, уруу татагдах байдлаар хэрэглэж байгааг мөн онцлов.


Судалгаанаас харвал, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Энэхүү үзүүлэлтээр 13-15 насныхан буюу өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ их байгаа нь энэ асуудлыг анхаарах цаг болсныг илтгэж байна.

Холбоотой мэдээ