ГОВЬ-АЛТАЙ: Ч.Лодойдамбын хөшөөг уран барималч МУСТА Б.Говьсайхан бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-18 14:31:40

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хөшөө дурсгалаа хамгаалах олон улсын өдөр тохиодог. Алтай нутгаас төрөн гарсан Монголын уран зохиолын ноён оргилын нэг Чадраабалын Лодойдамбын гэгээн дурсгалд зориулан бүтээсэн гэрэлт хөшөөг онцолж байна.


Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд түүний үйлс бүтээлийг мөнхжүүлэхээр 2017 онд Их зохиолчийн нэрэмжит 12 жилийн хоёрдугаар сургуулийн үүдэнд хүрэл хөшөөг нь босгосон юм. Уран барималч МУСТА Б.Говьсайханы урлан бүтээсэн уг хөшөө 85 сая төгрөгийн өртгөөр ард түмний хандив дэмжлэгтэйгээр бүтсэн түүхтэй.


Чадраабалын Лодойдамба Төрийн хошой шагналт (1917-1970) Монголын нэрт зохиолч байв. Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж "Алтайд", "Тунгалаг тамир" роман, Манай сургуулийнхан" тууж, "Малгайтай чоно", "Солонго", "Дусал нулимс юу гэж хэлсэн бол" зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна "Гарын таван хуруу", "Өөрийн замаар", "Итгэж болно" драмын жүжиг, "Энэ хүүхнүүд үү" кино зохиол бичжээ. Зохиолчийн "Тунгалаг тамир" "Алтайд" роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлээр хэвлэгджээ.Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд "Алтайд" роман болон "Манай сургуулийнхан" туужаар, 1971 онд "Тунгалаг тамир" романаар хоёр удаа хүртжээ.

Сонирхуулахад, Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир" романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам олонд танигдаж ихээхэн нэр хүндтэй болсон гэлцдэг.

Холбоотой мэдээ