“Starship” пуужин анхны туршилтын нислэгээ үйлдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /AFP/. Америкийн “SpaceX” компани сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт хүргээд зогсохгүй түүнээс алсад илгээх зорилгоор бүтээсэн, олон удаа ашиглах зориулалттай пуужин болох “Starship”-ийн анхны туршилтын нислэгийг даваа гарагт үйлдэхээр төлөвлөж байна.
Асар том пуужинг “SpaceX”-ийн Техас муж улс дахь “Starbase” сансрын буудлаас орон нутгийн цагаар
даваа гаргийн өглөө хөөргөхөөр товложээ. Хэрэв даваа гаргийн хөөргөх
ажиллагаа хойшлогдвол дараагийн товыг энэ долоо хоногийн сүүлчээр гаргах төлөвтэй байна.
“SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск
ням гарагт шууд дамжуулсан “Twitter Spaces” арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Энэ бол маш
эрсдэлтэй нислэг. Маш төвөгтэй, аварга том пуужингийн анхны хөөргөлт
шүү дээ. Нислэг бүтэлгүйтэж болзошгүй сая шалтгаан бий. Бид маш анхааралтай
байж, санаа зовоосон аливаа нөхцөл үүссэн тохиолдолд нислэгийг хойшлуулна”
гэжээ.
Тэрбээр мөн маргаашийн нислэг амжилтгүй болж магадгүй тул хүлээлтийг бага байлгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ 2025 оны сүүлчээр сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах “Artemis III” хөтөлбөртөө “Starship” хөлгийг ашиглахаар сонгоод байгаа юм.