ӨВӨРХАНГАЙ: Өвөрхангай аймаг дахь буган болон хүн чулуун хөшөөнүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-17 18:03:05

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 114 хөшөө дурсгал байдаг. Үүнээс буган чулуу 28,  хүн чулуун хөшөө 20 байна. 


Тэдгээрийн дийлэнх нь Нийтийн тооллын VI-YII  зуунд хамаарах түрүү үеийн болон хожуу үеийн Түрэгийн хүн чулууд бөгөөд Хайрхандулаан сумын нутагт орших “Хайрханы өврийн увшхай”, Уянга сумын “Номхон цагаан увшхай” хэмээх хүн чулууг  археологичид XIII зуунд хамааруулан авч үзсэн байдаг аж.


Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175, 2020 оны 13 дугаар тогтоолоор Уянга сумын нутагт Мааньт гэх газарт орших хүн чулуудын цогцолбор, Хархорин сумын Гүмбийн дэнжийн буган чулуун хөшөө, Мэлхий толгойн мэлхийг улсын хамгаалалтанд авсан байна.


Аймгийн хамгаалалтанд Баруунбаян-Улаан сумын нутагт орших Таримлын цагаан хөшөө, Дэмчигбурамын увшхай, Бат-Өлзий сумын нутагт орших Тэмээн чулууны амны буган чулуу, Ар, Өвөр агуйтын буган чулуунууд, Өндөр хясааны буган чулуу, Бүрд сумын Өлзийтийн хүн чулуун хөшөө, Тарнын голын болон Цагаан чулуутын хүн чулуу, Уянга сумын нутагт орших Хадан хошууны увшхай, Хархорин сумын  Мэлхий толгойн урьд орших эрхтэн чулуу, тус сумын Саран голын эрэгт орших хүн чулууд, Гүмбийн дэнжийн хүн чулуу, Сант сумын улаан хадны хүн чулуу, Хайрхандулаан сумын Хужиртын эхний хүн чулуун хөшөө, Хайрханы өврийн увшхай, Хужирт сумын Жамбалдорж хэмээх хүн чулуу, Шагшаа шууваагийн буган чулуу Хархорин сумын зэрэг дурсгалууд ордог.


Мөн Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумын нутаг дахь хөшөө дурсгалууд нь Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хилийн дотор оршдог аж. 


ГҮМБИЙН ДЭНЖИЙН БУГАН ХӨШӨӨ

 Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Барчин уулын өвөр Гүмбийн дэнж хэмээх газарт орших Түрэгийн үеийн энэхүү дурсгалд хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, 6 хиргисүүр, 10 дөрвөлжин булш, 30 гаруй тахилын онгон, 10 гаруй жижиг цагирган хэлбэрийн байгууламж бий. Буган чулуун хөшөөний  нүүрэн талд нар, сар, хэд хэдэн бугын дүрсийг загварчлан, хөшөөний доод хэсгийг ороон өргөн бүс гаргаж байлдааны зээтүү, хуйтай хутга зүүсэн байдлаар дүрсэлжээ.



ШИРЭЭТ УУЛЫН БУГАН ХӨШӨӨ

Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км зайд Ар агуйтын амны зуух хэмээх газар хүрэл зэвсгийн үед холбогдох 4 буган чулуун хөшөө, 13 дөрвөлжин булш, 1 хиргисүүр, 3 булш нэг дор зэрэгцэн байрладаг. Эдгээрийг Ширээт уулын буган чулуун хөшөө, булш хиргисүүр хэмээн нэрлэдэг байна. Буган хөшөөнүүдийг бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд цойлж буй буга, голдоо хэрээсэн хээтэй бүсийг дүрсэлсэн байдаг аж. 



ТЭМЭЭН ЧУЛУУНЫ АМНЫ БУГАН ХӨШӨӨ

Бат-Өлзийт сумын нутаг “Тэмээн чулууны ам” гэх газар хойноос урагш цуварсан 30 орчим дөрвөлжин булш байдаг. Энд  2.2-2.5 метр өндөр гурван буган хөшөө байх ба  саарал боржин чулуугаар үйлдэж, цагираг хэлбэрийн сэнжтэй хутга, бамбай, нум сум, бугын дүрсүүдийг сийлсэн байх аж.



БУУРЛЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ

Баян-Өндөр сумаас баруун урагш 10 гаран км-т Буурлын хүн чулуун хөшөө” бий. Хөшөөг саарал өнгийн боржингоор урласан бөгөөд баруун гараараа урдаа ямар нэгэн савтай зүйл барьж, зүүн гараа бүсэн дээрээ тавьсан, гэдэс нь унжсан цүдгэр эрэгтэй хүний дүр төрхтэй аж.

- Аймийн музейн үзмэр болон хадгаламжийн фондод хөдөө орон нутгаас авчирч тавьсан хэсэг хүн чулуу бий. Энд нийтдээ толгойтой, толгойгүй зургаан хүн чулууны бие, мөн таван толгой хадгалагдаж байдаг. 1926 онд П.К.Козлов Хайрхандулаан сумын “Их модны ам” хэмээх газарт үзэж тэмдэглэсэн хоёр, Арвайхээр хотоос урагш “Ноёны тал” хэмээх газарт байсан хоёр хүн чулуу, Сант сумын “Өгзөг” хэмээх газарт байсан нэг хүн чулууны толгой энэ дурсгалд багтдаг аж.


- Хархорин сумын төвөөс баруун урагш 10 гаруй км-т Орхон голын зүүн эрэг “Мухдагийн ам” хэмээх газарт Түрэгийн үеийн тахилын онгон, булш хиргисүүр олдсон байна. Энд баруун хажуугаараа газарт унан булагдсан нэгэн хүн чулуун хөшөө байсныг илрүүлжээ.


- Хархорин сумын төвөөс баруун урагш 20 гаруй км-т Хоньчны шил хэмээх газарт том ширхэгтэй цайвар саарал өнгийн боржин чулуугаар үйлдсэн нэгэн хүн чулуун хөшөө байна. Дүрслэлийн хувьд нар салхи байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр ихэд элэгдэж мөлийсөн бөгөөд хөшөөний анхны байрлал алдагдаж, толгой нь хүзүүний хэсгээр хугарч хөшөөний хажууд сул хэвтэж байгаа аж.


Хархорин сумын нутаг Сарын гол”-ын зүүн эргийн Бумбат хэмээх хадтай толгойн өвөрт буй хүн чулуут дэнжийг нутгийнхан Хөшөөн дэнж гэж нэрлэдэг. Энд буй хүн чулуун хөшөө нь Түрэгээс хойших үе буюу XIII-XIV зууны Монгол гүрний үед холбогдох дурсгал болох нь судалгаагаар нотлогджээ. Энэ хүн чулуу нь нийт хүн чулууны урлагийн бүтээл дотор нэн ховор тохиолддог эмэгтэй хүний дүрстэй чулуу гэдгээрээ онцлог юм.

Холбоотой мэдээ