ОУВС: Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөгч хүч болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-18 12:35:39

ВАШИНГТОН. /Business Insider/. Хятад улс ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөгч хүч болж, АНУ-тай харьцуулахад хоёр дахин их хувь нэмэр оруулах төлөвтэй байгааг Олон улсын валютын сангийн /ОУВС/ тайлан мэдээнд дурджээ.


"Дэлхийн эдийн засгийн төлөв байдал"-ын талаарх ОУВС-гийн тайлан мэдээлэлд үндэслэн “Bloomberg” агентлагийн тооцоолсноор, Хятад улс дэлхийн Дотоод нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтөд 22.6 хувийг, харин Энэтхэг 12.9 хувь, АНУ 11.3 хувийг  бүрдүүлэх төлөвтэй байна.


Эдгээр орнуудын араас Индонез, Турк, Япон улсууд жагсаж байгаа бөгөөд тус бүр 3.6 хувиас бага хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Ерөнхийд нь авч үзвэл, дэлхийн эдийн засгийн өсөлтийн дөрөвний гурвыг 20 орон бүрдүүлж, 50 гаруй хувийг нь Хятад, Энэтхэг, АНУ, Индонез эзлэх тооцоо гарчээ.


ОУВС-гийн таамаглаж байгаагаар, өсөлтөд оруулах Бразил, Орос, Энэтхэг, Хятадын хувь нэмэр нь “Долоогийн бүлэг”-ийн орнуудынхыг давах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг ирэх таван жилийн хугацаанд жилд дунджаар 3 хувиар өснө гэж сангийн шинжээчид таамаглаж байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаан дахь хамгийн сул төсөөлөл юм.


Банкны салбарт саяхан үүссэн нөхцөл байдал, инфляц тогтмол өндөр байгаа зэрэг нь эдийн засагт хямрал нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлснийг тайланд онцолсон байна. Гуравдугаар сард “Silicon Valley Bank”, “Signature” банкууд дампуурч, “Silvergate”, “Credit Suisse” зэрэг банкууд хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан билээ. 

Холбоотой мэдээ