Хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарынханд 5-6 хувийн хүүтэй зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-18 14:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүний тариалалт, үйлдвэрлэлийг дэмжин, дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортлохыг зорьж байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийх юм.


Хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжин төсөвт 135 тэрбум төгрөгийн татаас олгож, арилжааны банкуудын эх үүсвэрээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд 5-6 хувийн хүүтэй зээл олгохыг Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн ”Газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар” хэлэлцүүлгийн эхэнд онцлов.


ХХАА-н үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд энэ онд газар тариалангийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтад 342.6 тэрбум төгрөгийн зээл олгож, 44.5 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ тэмдэглэлээ.


Тодруулбал, үр тариа, тос, тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 90 тэрбм төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 30 тэрбум төгрөгийн зээл олгоно. Ингэхдээ үр тариа, тос тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай, үүнийгээ цахим системд бүртгүүлж баталгаажуулах шаардлага тавьжээ. Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нь га тутамд 900 мянгаас 15 сая төгрөг хүртэл байх юм. Мөн дөрвөн улирлын хүлэмж шинээр байгуулахад 50, услалтын систем байгуулахад 27.1, зоорийн аж ахуй байгуулахад 90 тэрбум төгрөгийн зээл олгоно. Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахад 14.5 тэрбум төгрөгийн зээл олгохдоо тухайн зээлдэгч өөрийн эзэмшлийн 100 га-гаас дээш газартай, зураг төсөл, төсөвтэй байх шаардлага тавьжээ. Цахим системд одоогоор 8530 тариаланч, 917.6 мянган га тариалангийн газар бүртгээд байгаа аж. 


Түүнчлэн, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, кластер бий болгох, нөөцийг зохистой ашиглаж, тогтвортой байдлыг хангахад 112 тэрбум 300 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 14,599.00 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгох юм. Манай улс жил бүр 50 сая литр сүү импортолж, 60 сая литр сүү дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд энэ импортыг багасгахаар 5 хүртэл тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ.  


ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх ярихдаа, "Тахианы мах, өндөгний импортыг бууруулахаар тахианы аж ахуй эрхлэгчдэд 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоно. Ингэхдээ үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй байх шаардлага тавьсан. Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн. Зөгийн балны жилийн хэрэгцээ 350 тн. Сүүлийн жилүүдэд 2 тн зөгийн бал хурааж авсан учир аж ахуй эрхлэгчдийг дэмжих шаардлага байгаа тул 500 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор болсон. Мөн дотоодын тэжээлийн үйлдвэрлэлийг 150 мянган тонн хүргэх зорилготой зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг" гэв.


"Хүнсний хувьсгал" хөдөлгөөнд Зээлийн батлан даалтын сан хэрхэн оролцохыг Зээлийн батлан даатгалын сангийн Төсөл бизнесийн хөгжлийн газрын дарга Э.Тамир танилцуулав.

Зээлдэгч зээлийн хүсэлтээ бүрдүүлэх материалын хамт банканд өгсний дараа банк зээлийн судалгаа хийж, шийдвэр гаргана. Тухайн банк зээлдэгчид шийдвэрийг мэдэгдэж, Зээлийн батлан даалтын сан руу гуравласан гэрээ илгээж, хянуулсны дараа банк зээл олгох юм. Зээлдэгч зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ. Банк, Зээлийн батлан даалтын сан, зээлдэгч нар батлан даалтын гуравласан гэрээ байгуулна. Тус сангаас газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, мал, аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид 3 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргах бөгөөд зээлдэгч нь өр, төлбөргүй байх шаардлага тавьжээ.


Хаан банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар "Манай банк 500 гаруй салбараараа зээлийн хүсэлт авч байгаа. Одоогоор 237 харилцагч 103 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийн 73, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 3, хүнс, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн 27 тэрбум төгрөгийн хүсэлт ирснийг шийдээд байна. ХХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хөтөлбөрийн 50 хувьд буюу 500 тэрбум төгрөгөөр оролцох боломжтой санал өгсөн. Хүсэж буй зээлийн 60-аас багагүй хувьд үл хөдлөхийн барьцаа шаардана" гэлээ.


Төрийн банкны Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхтайван "Таван жилийн хугацаатай зээлийн хүүгийн хувьд хөрөнгө оруулалтынх 19, эргэлтийн хөрөнгийнх 18 хувь байна. Хүнс, газар тариалангийн чиглэлийнх 2 жил, мал аж ахуйн салбарынх 3 жилийн хугацаатай байна” хэмээв. Ингэхдээ үр тариа, тос, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д га тутамд 900 мянга, төмсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д га тутамд 12 сая, уринш боловсруулах иргэн, ААН-д га тутамд 300 мянга, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д га тутамд 15 сая төгрөг хүртэл, зуны хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д ам метр тутамд 50 мянга, өвлийн хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д ам метр тутамд 100 мянган төгрөгийн зээл олгох юм.


Мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, холбоодоос Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулж, "хар данс"-ны жагсаалтад оруулдагт шүүмжлэлтэй хандаж байв. Монголын тариаланчдын үндэсний холбооноос "Төрийн бодлого газар, тариалангийн салбарыг унагахад нөлөөлж байна. Төрөөс зээл олгож байгаа мэт боловч бодлого алга. Олон тариаланч муу зээлдэгч болж, "хар жагсаалт"-д ороход байгалийн болон бусад хүчин зүйл нөлөөлсөн. 2017 оны ган гачиг, мөн импортын буудай ихээр орж ирснээр зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тохиолдол бий. Иймд зээлийн бодлого, зохицуулалтад анхаарах хэрэгтэй" гэв. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа хэмжээ, хугацаагаар нь ангилж оруулах саналыг хэллээ. Үүнд малчид бага оврын трактор, тариаланчид жимс, жимсгэнийн зээл аваад эргэж төлөөгүй тохиолдлууд байдгийг ч тус сангаас мэдээлэв.


Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ