БАЯНХОНГОР: Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажил дөрвөн жилийн дараа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. “Gobi bear” төслийн багийнхан Монголд ирж, мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүхээр Говийн их дархан цаазат газрыг зорьжээ.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Г.Дэлгэрчимэг, “Энэ жил Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн профессор Андреас Зедроссер, Жерри Белант болон ХААИС, “Мазаалай хамгаалах сан” ТББ, ГИДЦГ-ын "А" бүсийн хамгаалалтын захиргаа, ШУА-ийн хамтарсан баг судалгаанд оролцож байна” хэмээн мэдээлсэн байна.
“Gobi bear” төслийн удирдагч Харри Рейнольдс 2005 оноос жил бүр Монголд ирж, говийн баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүдэг байсан ч коронавирусний халдварын хөл хорио, нөхцөл байдлын улмаас төслийн судалгааны ажил 2019 оноос хойш завсарлаад байсан.
Олон жилийн судалгааны дүнд мазаалайн гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баянбүрд, Эдрэнгийн нуруу ба, Цагаан богд гэж тогтоожээ. 2022 оны судалгаагаар 51 мазаалай тухайн нутагт амьдардаг нь тогтоогдсон бөгөөд 2017 оны үзүүлэлтээс (40) тоо толгой нь багагүй өссөн байна.
Бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоосон байдаг. Мазаалай нь өргөн уудам нутагт бэлчээрлэдэг тул сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр байршлыг зөв тогтоох боломж бүрдэх юм. Бэлчээрлэх талбайг зөв тогтоосноор орчны бүсийн иргэд, малчид, хилийн цэргийнхэнд ухуулга сурталчилгааны ажлыг явуулж, ялангуяа мазаалайн байршил нутагт хүн, мал оруулахгүй байх, шаардлага гарвал байгаль хамгаалагчдын зөвшөөрөл хяналтын дор нэвтрүүлэх, байршил, тоо толгойн талаар мэдээлэх зэрэг давуу талууд үүсэх аж.
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны автомат камерын зургаас...
Мазаалай (Ursus arctos gobiensis) Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл, Монголын улаан номд орсон амьтан. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.
Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 дугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.
Мазаалай нь говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамал, говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтны сэг зэргийг түүж иддэг.