Худалдах махны эрүүл ахуйд өдөр тутамд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 08:56:13

Дундговь аймгийн төвөөс холгүй хонины цэцэг өвчний голомт үүсч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аймгийн төвийн хүнсний зах дахь махны худалдаанд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байгаа юм.

Хяналтыг хэрхэн тавьж байгаа талаар тодруулахад, “Хүнсний захад эрүүл бүсээс авчирсныг илтгэх гарал үүслийн бичигтэй махыг худалдан борлуулах тухай аймгийн болон Сайнцагаан сумын Засаг даргын захирамж гарсан. Хяналт тавихдаа гарал үүслийн бичигтэй эсэхийг шалгаж, махны харагдах байдлаар нь эрүүл ахуйн хяналт хийж байна. Гарал үүслийн бичгийг аль сумын хэн гэдэг малын эмч өгснийг бүртгэж байгаа гэж улсын байцаагч Н. Болормаа, Б.Батгэрэл нар хэллээ.

Өчигдөр хийсэн хяналтаар гарал үүслийн бичигтэй хэрнээ хэвийн бус улаан судлууд үүссэн хонины мах худалдаалах гэж байсныг зогсоосныг мэдээлсэн юм. 20 гулууз махыг Гурвансайхан сумын нутагт нутаглаж байгаа Баянжаргалан сумын малчин  бэлтгэж ирсэн бөгөөд Баянжаргалан сум нь өнгөрсөн сард хонины цэцэг өвчний голомт үүссэн, Гурвансайхан сумын нутаг дэвсгэр дэхь малд уг өвчний эсрэг вакцин тариад удаагүй байгаа тул ийнхүү махыг шинжилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзсэн ажээ. Аймгийн Мал эмнэлэг шинжилгээ хийсний үндсэн дээр махыг худалдаж болох эсэх дүгнэлтийг гаргах юм байна.

Энэ байдлаар хяналтыг өдөр тутамд хийж байгаа бөгөөд, худалдан авах гэж байгаа махаа харагдах байдлаар нь сайтар нягталж, гарал үүслийн бичигтэй эсэхэд иргэд ч мөн хяналт тавьж худалдан авалт хийхийг холбогдох байгууллагаас сануулж байна

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ