ХЭНТИЙ: Оны эхний улиралд зам тээврийн ослоор есөн иргэн нас барж, 18 иргэн гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-21 09:53:24
Чингис /МОНЦАМЭ/ Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хэнтий аймгийн цагдаагийн газар иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас зам тээврийн ослын шинжтэй 58 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ.
Үүнээс 24,1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 45.9 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэн шалгасныг 2022 оны мөн үетэй харьцуулбал нийт 29 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 10 буюу 3,5 дахин өссөн, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 39 буюу 6,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ослын хэлбэрийн дийлэнх нь онхолдсон, мөргөлдсөн бөгөөд энэ төрлийн ослоор есөн иргэн нас барж, 18 иргэн гэмтжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аймгийн дэд зөвлөлийнхний зүгээс осол гэмтлийн шалтгаан нөхцөлийг замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх зэргээс гадна авто замын эвдрэл гэмтэл, замын тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаагаас үүсэж байна гэж үзлээ. Тиймээс улсын чанартай болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын эвдрэл, нүх, ан цавыг нөхөх, засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, мэдээллийн самбар байршуулах, зам тээврийн осол давтамжтайгаар гардаг цэгүүдэд жолоочийн нойр сэргээгч дэржгэнүүрүүдийг хийлгэх, жолооч нарын дунд хариуцлагатай жолооч, хар хайрцаг аяныг зохион байгуулах гэх мэт байгууллага бүр өөрсдийн хийх ажлуудаа төлөвлөгөөнд оруулж, эргэн танилцуулахаар боллоо.
Мөн Хэрлэн сумын стандартын бус хурд сааруулагчдийг хусах ажлын баг гарган замын эвдрэл гэмтлийн хэмжээг тогтоож, шаардлагатай засвар үйлчилгээний хөрөнгийг ээлж дараатайгаар шийдвэрлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ