"Зика"-гаас сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэхийг ДЭМБ зөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-09-07 11:09:36

ЖЕНЕВ./ВВС/. Шумуулаар дамждаг “зика” вирус тархсан газраас буцаж ирсэн хүмүүс уг вирусийн халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд бэлгийн харилцаанд орохдоо наад зах нь зургаан сарын хугацаанд бэлгэвч хэрэглэх хэрэгтэй гэж ДЭМБ мэдэгдлээ.

“Зика”-гийн шинж тэмдэг илрээгүй байсан тохиолдолд ч мөн адил уг зөвлөмжийг дагахыг ДЭМБ зөвлөж байна.

Нэгэн итали залууд “зика”-гийн шинж тэмдэг илэрснээс хойш зургаан сарын дараа түүний эр бэлгийн эсэнд уг вирусийг илрүүлснээс хэдэн долоо хоногийн дараа ДЭМБ уг зөвлөмжийг гаргалаа. Уг вирус нь биеийн шингэнээр дамжин халдварладагаас гадна шумууланд хазуулсан тохиолдолд уг вирусийн халдвар авах магадлал хамгийн өндөр байдаг юм.

Жирэмсэн эмэгтэйчүүд уг вирусийн халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг.

Бразил бол “зика”-гийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн улс бөгөөд тус улсад Олимп зохион байгуулахыг болиулах асуудал ч хөндөгдөж байсан юм.

Гэвч Риогийн Олимпын наадамд оролцогчид “зика”-гийн халдвар авсан тохиодол гараагүй байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, бэлгийн замаар “зика”-гийн халдвар авсан тохиолдол 11 улсад бүртгэгдээд байгаа ажээ.

Харин шумуулнаас “зика”-гийн халдвар авсан тохиолдол нийтдээ 60 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсэд бүртгэгдээд байгаа юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ