ЗАВХАН: Өсвөрийн бизнес эрхлэгч хүүхдүүд өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-25 15:03:11

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн сайн дурын сурагчид Туркийн газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд сэтгэлийн илгээмж явуулжээ.

Тэд өөрсдийн гараар цаасан шувуу, сэтгэлийн үгс, зөөлөн тоглоом зэргийг урлаж, газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгсөн. Хариуд нь Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш талархан захидал илгээсэн байна. "We are future leaders" клубийн сурагчид энэ жил сургуулиа төгсөнө, хэдий завгүй ч хичээл сургуулийн хажуугаар олон ажилд оролцож, бусдын төлөө манлайлдаг.


Сайн дурын хүүхдүүд маань өнгөрсөн амралтын өдрүүдээр "САЙН ДУРЫН АЖИЛД МАНЛАЙЛЦГААЯ" өдөрлөгийг Улиастайд зохион байгууллаа. Энэ өдөрлөгийн үеэр хүүхдүүд өөрсдийн гараар урласан бүтээгдэхүүнээ борлуулж, клубдээ сайн дурын ажилтан шинээр элсүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн.


Тухайлбал, Политехник коллежийн сурагчдын хийсэн зүүлт, бугуйвч, түлхүүрийн оосор, зөөлөн тоглоом, гоёл чимэглэлийн зүйлсийг худалдан борлуулсан. Өсвөрийн бизнес эрхлэгч хүүхдүүдийн өдөрлөгт 100 гаруй иргэн оролцож, худалдан авалт хийсэн. Эдгээр сурагчид Японы хүүхдийг ивээх сангийн "Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершипийн боловсрол олгох" төслийн хүрээнд бичил бизнесээ эхлүүлсэн сурагчид юм. Энэ өдөрлөгийг хоёр дахь жилдээ хүүхдүүд өөрсдөө санаачилж, бие дааж зохион байгуулдгаараа онцлогтой.


Манай залуучуудын хөгжлийн төв нь 65 сайн дурын ажилтантай бөгөөд жил бүр сайн дурын ажлыг хийдэг. Тэд сэтгэлийн тус дэм хаана, хэнд хэрэгтэй байна гээд, нийгэмд олон төрлийн эерэг нөлөөллийн ажлыг хийдэг. Харин сайн дурын ажилтнуудаа сургах, хөгжүүлэхэд нь анхаарал тавих ажлыг аймгийн ГБХЗХГ тогтмол хийж байна.


Залуучуудын хөгжлийн төв нь сайн дурын сурагч, ажилтнуудын сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж баталгаажуулан батламж олгодог. Энэ нь хүүхэд, залуучуудад урам, дэмжлэг болж өгдөг юм.

Залуучуудын хөгжлийн төв нь 15-34 насны хүүхэд, залуучуудад залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан долоон төрлийн хөгжлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа гэж Завхан аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс мэдээлэв. 




Холбоотой мэдээ