ХОВД: Дарви суманд өнгөрсөн онд 90 гаруй ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-27 10:47:08

Дарви /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл тодрууллаа.

Дарви сум нийт 3100 орчим хүн амтай. Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг,  үзлэг шинжилгээнд одоогоор 18-аас дээш насны иргэдийнхээ  33.0 хувь, 17 хүртэлх насны хүүхдийн 67 хувийг тус тус хамруулжээ. 
Ховд аймгийн Дарви сум нь 657 малчин өрхтэй ба 238 мянган толгой малтай. Үүнээс өнөөдрийн байдлаар 65 мянган толгой мал төллөж, 55944 толгой төл бойжиж байна. 

Тус сумын газар тариалангийн салбарт 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж ажиллаж байгаа. Өнгөрсөн 2022 онд 100 орчим га талбайд тариалалт хийж, 15 тн төмс, 21.4 тн хүнсний ногоо, 20 тн үр тариа хураан авчээ. Мөн 7.6 тн ногоон тэжээл, 5 тн тарвас хураан авсан аж.

Энэ жилийн тухайд тариалалтын талбайг нэмэгдүүлж, нийт 300 гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөн бэлтгэл хангаж байна.
Дарви суманд 2022 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 төсөл, бүтээн байгуулалтын ажил хийжээ. Тэгвэл 2023 оны тухайд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 49 төсөл, бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй, гүйцэтгэх сонгон шалгаруулалтын эхний үe шатандаа явж байна. Уг ажил 5 дугаар сараас эрчимжих аж.

Онцлоход, Ховд аймгийн Дарви суманд өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Тус суманд 2022 онд түр ажлын байр 56, байнгын ажлын байр 36 гээд нийт 90 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Тэгвэл 2023 онд орон нутагтаа ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа гэж Дарви сумын Засаг даргын орлогч Б.Энхболд хэллээ. 

Холбоотой мэдээ