ДОРНОД: 200 оюутны шүдийг үнэ төлбөргүй эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-28 13:54:54

Чойбалсан /МОНЦАМЭ/. МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль, МСҮТ, Политехникийн коллежийн нэг, хоёрдугаар дамжааны 200 оюутны шүдийг үнэ төлбөргүй эмчилж байна. Оюутнуудын шүдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг Гандент, Бэсу, Family smile, Супер дент эмнэлэг гэрээгээр гүйцэтгэж байгаа юм.

Мэргэжлийн эмч нар: "Нэг оюутны 3-4 шүд цооролтой, ихэнхдээ цоорлын хүндрэл буюу холбоосын үрэвсэл болсон, буйлны үрэвсэлтэй. Үүнээс шалтгаалан нэг оюутан тухайн эмнэлэгт гурваас дөрвөн удаа ирж эмчлүүлж байгаа. Шүд угаалт, арчилгаа маш муу байна" гэв.

Уг төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын эдийн засгийн судалгаа шинжилгээний төвтэй хамтран “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд "Оюутны эрүүл мэндийг дэмжих" төслийн уралдааныг 2019 онд орон даяар зарлаж байсан юм. Шилдэг төслийн уралдаанд Дорнод Их сургуулийн "Оюутан" багийн төсөл шалгарч, аймагтаа хэрэгжүүлэх эрхийг авч байсан удаатай. Үүнээс хойш энэ ажлыг аймаг уламжлалт ажил болгон хэрэгжүүлж байна. 

Холбоотой мэдээ