Дэлхийн банк: Түүхий эдийн үнэ энэ онд буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-28 14:01:32

ВАШИНГТОН. /World Bank/. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ энэ онд цар тахал дэгдсэнээс хойш хамгийн огцом буурах төлөвтэй байгаа ч хүнсний үнэ түүхэн дээд үзүүлэлт рүү ойр хэвээр байна гэж Дэлхийн банк пүрэв гарагт мэдэгджээ.


“Түүхий эдийн үнэ энэ онд “COVID-19” тахал эхэлснээс хойш хамгийн хурдацтай буурах төлөвтэй байгаа нь түүхий эдийн экспортоос хамааралтай хөгжиж буй эдийн засгуудын бараг гуравны хоёрын өсөлтийн хэтийн төлөвийг бүрхэг болгож байна" гэж Дэлхийн банкны мэдэгдэлд дурджээ. Тус банк түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын тайлангаа танилцуулах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.


2023 онд түүхий эдийн үнэ өмнөх оныхоос 21 хувиар буурах төлөвтэй байна гэж тайланд дурджээ. Тухайлбал, нэг торх“Brent” маркийн газрын тосны үнэ дунджаар 84 ам.доллар байх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны дунджаас 16 хувиар буурна гэсэн үг юм.


Мөн Европ, АНУ-ын байгалийн хийн үнэ 2022-2023 оны хооронд хоёр дахин буурч, 2023 онд нүүрсний үнэ 42 хувиар буурах төлөвтэй байна гэж Дэлхийн банк мэдээлжээ. Энэ онд хүнсний үнэ 8 хувиар буурах төлөвтэй байгаа ч 1975 оноос хойших хоёр дахь хамгийн өндөр түвшинд хэвээр байх тооцоо гарсан байна.


Бордооны үнэ мөн 2023 онд 37 хувиар буурах төлөвтэй байгаа нь 1974 оноос хойших жилийн хамгийн том уналт болох төлөвтэй байна. Хэдийгээр уналттай байгаа ч бүх гол түүхий эдийн үнэ 2015-2019 оны дундаж түвшнээсээ нэлээд дээгүүр хэвээр байх болно гэж Дэлхийн банк тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ