“Mongolia Today” сэтгүүлийн 2023 оны анхны дугаар шинэ өнгө төрхтэйгээр хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-01 13:01:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас улирал тутам англи хэлээр эрхлэн гаргадаг “Mongolia Today” сэтгүүлийн 2023 оны №01 шинэ агуулга, шинэ өнгө загвартайгаар хэвлэгдэн гарлаа. 


Олон улсад Монгол Улсаа сурталчлах зорилгоор 1956 оноос хойш хэвлэгдэн гарч буй энэхүү сэтгүүлийн шинэ дугаарын зарим нийтлэлийг QR код уншуулан видео хэлбэрээр үзэх боломжтойгоороо онцлог юм. 


Сэтгүүлийн шинэ дугаараас уншигч Та олон шинэ мэдээлэл авах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар БНСУ-д айлчилсан тойм, айлчлалын үеэр шийдэгдсэн асуудлууд, Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаа зэрэг улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, гадаад харилцаа, спорт, урлагийн талаарх тойм, сурвалжилгуудыг багцлан хүргэж байна. 


МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлчид “Mongolia Today” сэтгүүлийн энэ дугаараас эхлээд үндэсний монгол бичгээ гадаадын уншигчдад зориулан зааж эхэлж байна. 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргийг кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсон билээ. Түүнээс гадна эх бичгээр маань бичсэн олон гайхамшигт судрууд Монголын үндэсний номын санд хадгалагдаж байдаг. Энэ их оюуны бүтээлүүдийг “Mongolia Today” сэтгүүл цувралаар танилцуулж байна. Мөн Монголын суу билэгт их найрагчдынхаа бүтээлийг, тухайлбал Д.Нацагдоржийн “Хавар”, Ч.Чимидийн “Би монгол хүн”, Б.Явуулангийн “Би хаана төрөө вэ” зэрэг шүлгийг англиар толилуулж байна. 


Оюутолгой гэдэг нэрийг одоо Монголд байтугай дэлхий мэдэх болсон. Оюутолгойн гүний уурхайн нээлт 2023 оны 3 дугаар сарын 13-нд болсон. Тус уурхайн үйлдвэрлэл жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллахаар энэ салбартаа дэлхийн 4 дэх уурхай болох юм.


Мөн 2025 онд Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар их бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Эдгээрийн тухай тойм-сурвалжилга, ярилцлагыг “Mongolia Today” сэтгүүлийн шинэ дугаараас унших боломжтой. 


Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал энэ удаад өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Бүргэдийн баяр”, Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр, казах түмний Наурызын баяр зэрэг дотоодын гэлтгүй гадаадын олон орноос жуулчид зорин ирж оролцдог уламжлалт баяр наадмын тухай нийтлэгдлээ. Гадаадын жуулчид Монголд ирээд театр, музей, соёл урлаг, түүхийг тэр бүр үзээд явж чаддаггүй. Тэгвэл Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг ирэх 11 дүгээр сард “Монгол хаан” нэрээр дэлхийн суут зохиолч Уильям Шекспирийн өлгий нутаг алдарт Английн Колизеум театрын тайзан дээр тоглож, урлаг соёлынхоо хөгжлийг дэлхийд гайхуулахаар явах гэж байна. Энд зөвхөн жүжиг тоглоод зогсохгүй, монгол жүжиг, Монголын урлаг, Монголын гайхалтай сайхан хувцас хэрэглэл, эртний археологийн олдворыг сурталчилж үзүүлнэ. Энэ тухай “Тамгагүй төр” жүжгийн гол дүр Арчуг хааны дүрд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, туслах найруулагчаар ажилласан Улсын драмын эрдмийн театрын найруулагч, СТА Э.Ёндоншарав зэрэг уран бүтээлчид “Mongolia Today” сэтгүүлд ярилцлага өглөө.  


Дахин сануулахад, “Mongolia Today” сэтгүүлийн шинэ дугаарын онцлох нийтлэлүүдийг QR код уншуулан англи хэлээр видеогоор үзэх боломжтой юм. Эрхэм уншигч Та дэлхийд гарах хүсэлтэй бол манай сэтгүүлтэй хамтран ажиллаж, захиалаарай. Манай сэтгүүлд зар сурталчилгаагаа тавиарай. Уншаарай, гадаад түншдээ бэлэглээрэй! 


Холбоотой мэдээ