Р.Эрдоган: Турк “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-01 16:15:41

АНКАРА. /CNN/. Туркийн тагнуулынхан Сирид “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасныг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгдээд, Турк улс терроризмтой үргэлжлүүлэн тэмцэнэ гэж амлажээ.


Туркийн Үндэсний тагнуулын газар Абу аль-Хуссейн аль-Хуссейни Аль-Курши гэгч этгээдийг “удаан хугацааны турш” мөрдөж байсан гэж Р.Эрдоган телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хэлсэн байна.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, “уг этгээдийг Сирид өчигдөр явуулсан Үндэсний тагнуулын газрын ажиллагааны үеэр устгасан. Одооноос бид террорист байгууллагуудыг ялгахгүйгээр тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэжээ.


Мөн терроризмтой хийж буй Туркийн тэмцэл Европын аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байгааг дурдаад, Европ энэ талаар мэдэхгүй, мөн мэдэхийг ч хүсэхгүй байна хэмээн ярьсан байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сард Сири дэх Сирийн чөлөөт арми “Лалын улс”-ын толгойлогч Абу аль-Хасан аль-Хашми аль-Курайшиг устгасны дараа Аль-Куршиг толгойлогчоор тодруулаад байжээ.


Аль-Куршигийн талаар мэдээлэл бага байдаг ч толгойлогчоор томилогдох үед нь “Лалын улс” бүлэглэлийнхэн түүнийг “ахмад дайчин” гэж тодорхойлдог байв.


Р.Эрдоган бие нь чилээрхсэний улмаас олны нүднээс түр холдсоныхоо дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр бие нь муудаж, өнгөрсөн долоо хоногт төлөвлөж байсан сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнүүдээ цуцлаад байсан юм. Түүний биеийн байдал шийдвэрлэх сонгуулиас ердөө хоёр долоо хоногийн өмнө муудлаа гэж хэвлэлүүд мэдээлж байв. 


Харин өнгөрсөн пүрэв гарагт Туркийн Засгийн газар Р.Эрдоганы эрүүл мэндийн байдалтай холбоотой “үндэслэлгүй мэдээллүүд”-ийг няцаасан юм. Ерөнхийлөгч тухайн өдрөө “Akkuya” атомын цахилгаан станцын нээлтэд цахимаар оролцсон байна.  


Улмаар гурван хоногийн турш олны нүднээс хол байсныхаа дараа бямба гарагт Истанбул хотод болсон нисэх онгоц, сансар огторгуй болон технологийн наадамд оролцож, дэмжигчдэдээ хандан үг хэлжээ. Туркийн ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 14-ний өдөр болно. 


Холбоотой мэдээ