Эрдоганы нэр хүнд ба сөрөг хүчин давамгайлах магадлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-05-01 17:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр долоо хоногийн дараа болох Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өмнөх сурталчилгааны кампанит ажил эрчээ авч, Туркийн төр засгийг 20 жилийн турш удирдаж буй одоогийн ерөнхийлөгч Режеп Эрдоган, сөрөг хүчний удирдагч Кемал Кылычдароглу нарын хооронд өрсөлдөөн эрс ширүүслээ.


Хамгийн сүүлийн санал асуулгын дүнг үзвэл, Кылычдароглу одоогийн ерөнхийлөгчөөс 7 хувийн саналаар илүү явж байгаа бөгөөд эхний шатны санал хураалтад 50+ хувиар ялалт байгуулахад дахиад ердөө ганцхан хувийн дэмжлэг түүнд хэрэгтэй байгаа аж.


Өдгөө 74 настай К.Кылычдароглу бол Туркийн анхны ерөнхийлөгч Ататюркийн үндэслэн байгуулсан Бүгд Найрамдах Ардын намын дарга бөгөөд Эрдоганы эртний өрсөлдөгч нь юм. Тэрбээр одоогийн ерөнхийлөгчид өмнө нь хэдэнтээ ялагдаж байсан “боломжийн сулавтар өрсөлдөгч” тул Эрдоганаас илүүрхэнэ гэдэгт хэн ч итгэхгүй байлаа. Гэтэл энэ удаад...


Эрдоганд учирсан эрсдэлүүд  


Одоогийн ерөнхийлөгч өдгөө маш олон бэрхшээлтэй тулгараад байна. 2011 онд Турк Улс дэлхийн 17 дахь том эдийн засаг байсан бөгөөд “Их 20”-ийн улсуудын дотор хөгжлийн хурдаар тэргүүлж байлаа. Тэр үед Эрдоган “Туркийг 2023 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 10 улсын нэг болгоно” хэмээн амлаж байв.


2023 он гарсан хэдий ч Турк улс эл зорилтод хүрч чадсангүй. Улс орон эдийн засгийн хямралд нэрвэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд ба тээврийн үнэ тариф огцом өсөв. 2022 оныг өмнөх онтой харьцуулахад лирийн ханш 50 гаруй хувиар унажээ.


Туркийн Төв банк бие даасан хараат бус байдлаа алдаж, ерөнхийлөгчийн хүсэл зоригт нийцсэн шийдвэрүүдийг гаргадаг болов. Инфляцыг тогтоон барих, бууруулахын тулд дэлхийн бүх улсын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байхад Туркийн Төв банк ганцаараа бууруулсан нь хямралыг улам хөөрөгдлөө. Ажилгүйдэл газар авч, цагаачдын тоо нэмэгдсэн нь нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Одоогийн ерөнхийлөгчийг дэмжигчдийн нэлээд хэсэг нь хөдөөнөөс хотод орж ирсэн хүмүүс бөгөөд Истанбул, Анкарад төвлөрсөн тэдний амьдрал ахуй эхэндээ илт сайжирч байлаа. Гэвч хямрал дэгдсэнээр тэд үнийн өсөлт, ажилгүйдэлд нэрвэгджээ.


Гэхдээ нэр хүндэд нь нөлөөлж буй эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг туршлагатай улстөрч Эрдоган ямар нэгэн аргаар саармагжуулж дөнгөнө. Гэтэл сонгуулийн товыг зарласны дараахан урьдчилан таамаглахын аргагүй их гамшиг Турк орныг нөмөрч, асар хүчтэй газар хөдлөлт болсон нь давагдашгүй хүчин зүйл мөн билээ. НҮБ-ын тооцоолсноор, гамшгийн улмаас 50 мянга гаруй хүн амиа алдаж, 1 сая гаруй хүн орон гэргүй болж, Туркийн эдийн засагт 100 тэрбум гаруй ам.долларын хохирол учирчээ.

Газар хөдлөлтийн улмаас асар олон байшин барилга сүйрч нурсан явдалд эрх баригчид чанаргүй материал ашигласан барилгын компаниудыг буруутгаж, захирлуудыг нь бөөнөөр нь баривчлав. Харин сөрөг хүчнийхний зүгээс “барилгын чанарт тавих хатуу стандартыг зөөлрүүлж, тус салбарт авлигыг өөгшүүлсэн эрх баригчид өөрсдөө буруутай” хэмээн үзэж байна.


Турк улсад 1999 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөс сургамж авч, “газар хөдлөлтийн татвар” гэдгийг авч  эхэлсэн бөгөөд уг татвараар цугларсан олон тэрбум лирийг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөх, Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд зарцуулах ёстой атал эрх баригчид зүгээр л идээд завшчихсан гэж Кылычдароглу шүүмжилдэг.  


Газар хөдлөлтийн дараа өрнөсөн иймэрхүү хэрүүл маргаан Эрдоганы байр суурийг багагүй ганхууллаа. Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын ард иргэд Эрдоганыг байнга дэмжсээр ирсэн бол энэ удаагийн байгалийн гамшиг түүнд итгэх итгэлийг сулруулж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Яг ийм үед “ядахад яр” гэгчээр өнгөрсөн долоо хоногт нэгэн телевизэд ярилцлага өгч байсан Эрдоганы бие гэнэт муудсаны улмаас сонгогчидтой хийхээр төлөвлөсөн хэд хэдэн уулзалтад оролцож чадсангүй.


Гамшигт хамгийн ихээр өртсөн хотуудад 9 сая орчим хүн амьдардаг бөгөөд тэд парламентын 600 гишүүний 96-г сонгох ёстой тул тэдний саналыг авахын төлөөх ширүүн өрсөлдөөн ид өрнөж байна.  


“Зургаагийн ширээ”


“Ардын эвсэл” гэдэг нэрийн дор нэгдсэн Туркийн сөрөг хүчний эвсэлд улс төрийн 6 нам, тухайлбал, Бүгд Найрамдах ардын нам, Исламын Аз жаргалын нам, барууны үндэсний үзэлт “Сайн нам”, төвч үзэлт Ардчилсан нам, Ирээдүйн төлөөх нам ба Ардчилал, дэвшлийн нам багтаж байгаа юм. Янз бүрийн улс төрийн хүчнүүд хоорондоо эвсэн нэгдсэн нь өөрчлөлт шинэчлэлт хийхийг сонгогчид хүсэн хүлээж буйг харуулсан хэрэг байлаа.


Туркийн улс төрийн асуудлаар мэргэшсэн шинжээч Фирдевс Робинсон сөрөг хүчний удирдагч Кылычдароглу-г туршлагатай улстөрч хэмээн үнэлээд “шударга, зөөлний зэрэгцээ сахилга баттай, тууштай хүн” гэж тодорхойлжээ.


Сүүлийн 13 жилийн турш Бүгд Найрамдах Ардын намыг удирдаж буй тэрбээр хөдөө тосгонд төрж өссөн боловч Анкарагийн их сургуульд эдийн засгийн боловсрол эзэмшжээ. Төгссөнийхөө дараа Сангийн яаманд ажиллаж, мөн Нийгмийн даатгалын санг удирдаж байв. 1990-ээд онд авлигын эсрэг тууштай тэмцэж байсныхаа төлөө нэгэн эдийн засгийн сэтгүүлээс олгодог “Оны шилдэг төрийн албан хаагч” гэдэг өргөмжлөлийг авч байжээ. 1999 онд төрийн албанаас гарсан Кылычдароглу хэсэг хугацаанд их сургуульд багшилж, Туркийн нэгэн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байв. Удалгүй улстөрч болохоор шийдэж, Туркийн парламент болох Үндэсний их хурлын депутатаар сонгогджээ.


Түүний хамтран зүтгэгчдийн нэг нь DW сувагт ярилцлага өгөхдөө “өрөөгөөр дүүрэн бичиг баримтууд байлаа гэж бодоход Кылычдароглу ямар ч авлигын шинжтэй зөрчлүүдийг тэр дор нь илрүүлж чадна” гэжээ.  


Кылычдароглу маш олон амлалт өгч байгаа бөгөөд “Зургаагийн ширээ”-нд багтдаг сөрөг хүчний намууд улс орны нөхцөл байдлыг өөрчлөх зорилтуудыг тусгасан 250 хуудас баримт бичгийг сонгогчдод танилцуулжээ.


Баримт бичгийн агуулгыг нэг догол мөрөнд багтаан дурдваас, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тэмцэх, төрийн албыг авлига ба гэр бүлсэг байдлаас ангижруулах, Турк ба НАТО-гийн холбоотнуудын хоорондын санал зөрөлдөөнийг шийдвэрлэж, Баруун руу чиглэсэн гадаад бодлого явуулах, улс орныг хямрал руу түлхсэн Эрдоганы неортодокс санхүү-эдийн засгийн бодлогоос татгалзах, үг хэлэх эрх чөлөөг хангах гэсэн амлалтуудыг сөрөг хүчнийхэн өгч байна. Гэхдээ хамгийн гол зорилт нь, Үндсэн хуулийг өөрчлөх явдал бөгөөд 2017 онд Эрдоганд асар их эрх мэдлийг олгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хүчингүй болгосноор Турк улс парламентын тогтолцоонд шилжих ёстой.


Зураг дээр зүүн гараас: Э.Имамоглу, Кемаль Кылычдароглу, М.Яваш нар


Эвслийг удирдан сонгуульд оролцох үүргийг хүлээсэн Кылычдароглу-гаас нэр хүндийн хувьд илүү боловч нэрээ дэвшүүлээгүй хоёр хүн байгаа нь Истанбул хотын дарга Экрем Имамоглу, нийслэл Анкара хотын дарга Мансур Яваш нар юм. Гэтэл төрийн албан хаагчдыг доромжилсон гэх үндэслэлээр шүүхээс Имамоглу-гийн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хассан бол М.Яваш үндсэрхэг үзэлтэн гэх имижтэй тул зүүний үзэлт сонгогчид ба курдуудыг өөрөөсөө түлхэн холдуулж, сөрөг хүчнийг ялагдалд хүргэх эрсдэлтэй. Иймээс Имамоглу, Яваш хоёр уулзаж ярилцаад, Бүгд Найрамдах Ардын намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийг дэмжжээ. Үүний сацуу сөрөг хүчний эвслийг бутлан задлахгүйн тулд Кылычдароглу ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хотын мээрүүдийг дэд ерөнхийлөгчөөр томилохоор тохиролцсон байна.  


Курдын хүчин зүйл


Туркэд 15 сая орчим курд үндэстэн амьдардаг бөгөөд тэдний болон үндэсний цөөнхүүдийн эрх ашгийг зүүний үзэл баримтлалтай Ард түмнүүдийн ардчилсан нам хамгаалдаг. Гэтэл Туркийн парламент дахь гуравдагч том тус намаас сонгогдсон хэд хэдэн депутат өдгөө шоронд хоригдож, террорист байгууллага гэгддэг Курдистаны Ажилчны намтай холбоотой гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэц тус намыг татан буулгаж магадгүй болоод байна. Тэгээд ч уг намыг сөрөг хүчний эвсэлд уриагүй бөгөөд намын удирдлага ч ийм урилга хүлээж авна гэж найдаж байгаагүй аж.


Гэхдээ курдуудын намын дэмжлэггүйгээр Кылычдароглу эхний шатанд 50 хувийн босгыг давж ялалт байгуулах магадлал бага. Тэрбээр тус намын лидерүүдтэй ойрын үед уулзана гэж амласан бөгөөд яриа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд сөрөг хүчний удирдагч эхний шатанд шууд ялах магадлал илт өснө гэдгийг Ф.Робинсон хэллээ. 


Гэхдээ хэн ерөнхийлөгчийн сонгуульд ялах, аль нам парламентад олонхийн суудал авахаас үл хамааран Турк улсыг хүндхэн цаг үе хүлээж байна. Эдийн засаг, арми, төрийн байгууллага, боловсролын тогтолцоонд суурь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болсныг шинжээч онцолжээ

Холбоотой мэдээ