“Хөдөөгийн сэргэлт-Нээлттэй Дорноговь” чуулган өрсөлдөх чадварыг онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-03 13:21:22
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулган Дорноговь аймагт энэ сарын 28-29-нд боллоо. 


“Нээлттэй Дорноговь” чуулганд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-ийн захирал Б.Лакшми “Дорноговь аймгийн өрсөлдөх чадвар, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт илтгэл тавьсан байна. Тэрбээр  “Манай судалгааны төв 2012 оноос Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа хийж, 21 аймгийг 174 үзүүлэлтээр олон улсын аргачлалаар эрэмбэлж байгаа. Сүүлийн 2 жил Дорноговь аймаг тэргүүлж байна. 174 үзүүлэлтээр гаргаж байгаа болохоор бүх үзүүлэлт сайн гэсэн үг биш. Дорноговь аймгийн тухайд хамгийн их буурсан үзүүлэлт бол Бизнесийн үр ашиг. Тэгэхээр цаашид менежмент, санхүү, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, хүний хөгжилд анхаарах шаардлагатай байна. Хүний хөгжил гэдэгт сургалт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон хүнсний аюулгүй байдал ордог. Дорноговь аймгийн өрсөлдөх чадвар сайжирсан нь урт хугацааны тууштай бодлого, залгамж шинж үргэлжилсний үр дүн. Одоогийн энэ амжилтад хүрэхэд аймгийн үе үеийн удирдлага, түүний баг хамтарч ажиллаж байгаагийн илрэл юм. Бодлогын алхмууд нэг шөнийн дотор буюу богино хугацаанд бий болдоггүй, урт хугацаанд үр дүнгээ өгдөг” хэмээн онцолсон байна.


ЭЗБӨЧСТ нь хувийн тинк танк байгууллага бөгөөд Монгол Улсын, аймгуудын, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 2011 оноос эхлээн тасралтгүй 1-2 жил тутамд гаргаж байгаа юм. Тус чуулганд Засгийн газар болон бусад төрийн байгууллагын холбогдох ажилтнууд болон 21 аймгийн төлөөлөгч оролцжээ.


Холбоотой мэдээ