ОРХОН: Ойрын хоёр жилийн хугацаанд 200 эмч, сувилагч шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг 200
гаруй эмч, сувилагчийг орон нутагтаа урьж байна. Учир нь Орхон аймагт ойрын
хоёр жилийн хугацаанд 150 сувилагч, нарийн мэргэжлийн 50 эмч дутагдалтай байгаа
юм. Иймд аймгийн Засаг дарга С.Батжаргалаар ахлуулсан баг АШУҮИС, МУБИС, ШУТИС, “Этүгэн” дээд сургууль дээр “Хамтдаа
Эрдэнэт хөгжье” өдөрлөгийг зохион байгуулж, Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарын
хөгжил, давуу тал, дутагдалтай байгаа боловсон хүчин, цаашид хэрэгжүүлэх
бодлого, зорилтоо танилцууллаа.
Орхон аймаг 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай. Тэдний мэргэжлийн
ур чадварыг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн сургалтад хамруулж туршлага судлуулах,
эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх
зорилгоор “Эмч” хөтөлбөрийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Иймд Орхон
аймгийг зориод ирсэн эмч, эмнэлгийн ажилтнууд дээрх хөтөлбөрт хамрагдах
боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг аймагтаа
зохион байгуулж байгаа бөгөөд цаашид
орон нутагтаа эрүүл мэндийн эмч нарыг
бэлтгэх, ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах том боломж гэдгийг мөн онцолж
байлаа. Энэ жил ерөнхий мэргэжил, сувилагчийн мэргэжил гэсэн хоёр чиглэлээр төгсөлтийн
дараах сургалтыг зохион байгуулж байна.