ДАРХАН-УУЛ: Жилд дунджаар 50-60 мянган тн улаан буудай хураан авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-05 16:58:52

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 327500.0 га газар нутагтай. Үүнээс 67.5 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг бөгөөд үүний 174.8 мянган га талбайг бэлчээр, 34.4 мянган га тариалангийн талбай, 9.1 мянган га талбай нь хадлан, 2.6 мянган га талбайг хөдөө аж ахуйн барилга, байгууламж тус тус эзэлдэг ажээ.

Иргэдийн хүнсний хэрэглээний нэг болох өндөгний 48 хувийг ОХУ-аас импортоор авдаг бол үлдсэн хувийг аймгаасаа болон дотоодоосоо хангаж байна. Хоёр фермерт 17 мянган өндөглөгч тахиа бойжиж жилд 145.1 тн өндгийг зах зээлд нийлүүлж байна.

Орхон сум нь хүнсний ногооны боловсруулах үйлдвэрлэлээр тэргүүлдэг бөгөөд Улаанбаатар хотын томоохон ААНБ-ын хүнсний ногооны түүхий эд татан авах дөрвөн цэг тус суманд байрладаг.


Мөн хоногт 4.0 тн луувангийн шүүс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн хүнсний ногоо боловсруулах 8 үйлдвэр даршилсан, хатаасан, савласан ногоо, хүнсний ногооны шүүс, төрөл бүрийн амтлагч, кимчи, кембаб зэргийг үйлдвэрлэдэг аж. Хүнсний боловсруулах үйлдвэрлэл жилээс жилд хүрээгээ тэлж өнөөдрийн байдлаар мал төхөөрөх боловсруулах 34, сүү боловсруулах 7, гурил үйлдвэрлэх 5, талх, нарийн боов үйлдвэрлэх 34, хүнсний ногоо боловсруулах 8, цэвэр ус савлах 5, өтгөрүүлсэн жимсний шүүс бэлтгэх нэг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.


Дархан-Уул аймгийн тариалан эрхлэгчид жилд дунджаар 50.0-60.0 мян.тонн ургац хураан авдаг. Хураан авсан ургац нь аймгийн хүн амыг үр тариагаар 100 хувь хангадаг ажээ.


"Дархан Нэхий" ХК нь 2022 онд бод 300.0 мянга, бог 1.5 сая, жижиг арьс 200.0 мянган жижиг арьс боловсруулжээ. Боловсруулсан түүхий эдээрээ 0.5 сая хувцас, 0.5 сая гутал үйлдвэрлэж, 65 хувийг экспортод гаргажээ. Аймгийн хэмжээнд ноосон бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах, мод модон эдлэл, барилгын материал, оёдол зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт 1100 гаруй хүн ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна.


Мөн оёдлын үйлдвэр 24 байдаг бөгөөд 360 гаруй хүнийг ажлын байраар хангаж өнгөрсөн онд 19119.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 18138.4 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ нь сүүлийн гурван жилтэй харьцуулахад тус салбарын өсөлт 49 хувиар өссөн ажээ.


Аймгийн хэмжээнд мод, модон эдлэлийн 19 үйлдвэр байдаг бөгөөд өнгөрсөн онд 200.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 194.5 сая төгрөгийн борлуулалт хийж урд жилийнхээс 11 дахин өссөн үзүүлэлтэй байна.

Харин ноосон бүтээгдэхүүний 16 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж өнгөрсөн онд 1389.5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1390.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх жилтэй харьцуулахад тус салбарын өсөлт хоёр дахин нэмэгджээ.

 

 

 

Холбоотой мэдээ