ДОРНОД: Тарваган тахлын голомтоос амьд үлдсэн Өвгөнбүргэд-Соболев

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-08 11:44:33

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өвгөнбүргэд-Соболев гуайн хувь тавилан, туулсан амьдрал яг л кино шиг. Гэр бүлийнхэн нь тарваган тахлаар өөд болж, өвчний голомтоос ганцаараа амьд гарч, гуравхан настайдаа орь ганцаар өнчирч хоцорсон хүүг сайн айл өргөж аван алган дээрээ бөмбөрүүлж өсгөжээ. Хожмоо тэр хүү халдвартын нэртэй эмч болж, насаараа эрүүл мэндийн салбарт ажиллан, өдгөө үр хүүхэд, ач зээгээ тойруулан энх тунх аж төрж сууна.

Түүх сөхвөл, 1945 оны зун Завхан аймгийн Отгон сумаас нэлээд зайдуухан нутаглаж байсан айл амьтад гэв гэнэт л дайн дажин гарсан мэт өдөр, шөнийг ялгахгүй яаруу сандруу нүүн дүрвэж, адуу мал багшралдан байдаг бэлчээр ус, элбэг дэлбэг Цагаан сайрын хөндий эл хуль оргив. Зэлүүд талд ганц айл бөртийн хоцорсон нь өвгөн Бавуурашийнх байлаа. Хоол хош ховор живэр байсан үе биз. Бавуу өвгөн нохойгоороо тарвага бариулж чанаж идсэний маргаашаас тэр гэрийнхэн халуурч, цувраад үгүй болжээ. Энэ тухай мэдээ хэд хоногийн дараа сумын төвд, сумаасаа аймагт хүрэх гэсээр хоног хугацаа ч нэлээд алдаж. Золоор тухайн үед ЗХУ-ын эмч нарын баг Завхан аймагт ажиллаж таарсан учир дуудлага авсан даруйдаа Соболева эмч, Монгол эмч нарын хамт яаравчлан хөдөлж, нар шингэхийн алдад өнөөх айл дээр ирэхэд хүн амьтан ч үзэгдэхгүй, гэр дотроос эмэгтэй хүүхдийн дуу гарч “Манайхан бүгд нас барсан. Би дүүтэйгээ хоёул үлдээд байна. Би удахгүй болсон байх” гэж хэл өгсөн гэдэг.

Маргааш өглөө нь дөнгөж гэгээ ормогц дөхөж очиход гурав орчим настай ганц л хүүхэд үлдсэн нь Өвгөнбүргэд-Соболев юм. Тахал халдварлахаас болгоомжилж, орос эмчийг гэр рүү орохыг хориглосон ч эх хүн нялх хүүг харсаар байж яахин зөнд нь хаяж чадах билээ, тахлын голомтод зориглон нэвтэрч, хүүг өөрийн гараар асарч сувилсан байна. Ингээд л “амь хэлтэрчихсэнгүй”. Соболева эмч өөрөө тахлаар өвчилж, арваад хоног үхэл амьдралтай тэмцсэний эцэст орос эмч, бяцхан жаалхүү хоёулаа эсэн мэнд үлджээ. Хүү эхлээд жаахан халуурах төлөвтэй байснаа больж, чулуун дээр дөхүүлээд өгсөн хоол ундыг идчихдэг ч халдвар дамжуулагч болж байснаас бусдаар хүндрэл бага байв. Хүүхдийн нулимс, шүлсийг арчиж ариутгахаас өөр төдийлөн эмчилгээ сувилгаа хийгээгүй, онцгой дархлаа сайтай нэгэн байсан тухай хожим Зөвлөлтийн эмч Любовь Сергеевна Соболева дурссан байдаг. 

Тухайн үеийн өр өвтгөм энэ үйл явдлаас бяцхан хүүгийн ой тойнд чулуун дээр тавьж үлдээсэн ус, идэх юм авахаар явж байсан нь л бүүр түүрхэн хадгалагдаж үлджээ. Арав гаруй хоногт орос эмч, хүү хоёр төрсөн эх үр шиг дассан ч “цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн нутагтаа үлдэг” гэж орос эмч эрс шулуун хэлснээр аймгийн Намын хорооны орлогч дарга Г.Чаргай хүүг өргөж авч, элэг бүтэн амьдралтай золгуулсан юм. Хүүг төрөхөд талийгаач өвөө нь Өвгөнбүргэд гэж нэр хайрласныг саахалтынхан нь хэлсэн учир өргөж авсан аав нь ачийг санаж, хүүгийнхээ нэрийг Өвгөнбүргэд-Соболев болгожээ.

Авсан аав нь Дорнодын хүн. Хүүгээ дагуулаад нутагтаа ирснээр тэрээр Дорнод аймгийн арван жилийн сургуулийг төгсөж, ХААИС-д малын эмчээр суралцав. Нас биед хүрмэгц аав нь хүүдээ дээрх болсон явдлыг ярьж, амийг нь аварсан орос эмчийн гэрийн хаягийг зааж өгсөн гэж Соболев гуай хуучилж сууна. Орос эмч тэтгэвэртээ гараад Москвад байгааг оюутан болсон хойноо мэдэж, Цэдэнбал даргад амьд үлдсэн түүхээ дурдан, уулзах хүсэлтээ илэрхийлсэн захидал илгээснээр төдөлгүй түүнийг дуудан уулзжээ.

“Орос, Монголын найрамдалд үлгэр жишээ болсон сонин тохиолдол” гэж тодотгоод хүний эмч мэргэжил эзэмшсэн бол зүгээр байж дээ гэж зөвлөсөн гэдэг. Ингээд удалгүй Москвад очиж, амийг нь аварсан орос “ээж”-тэйгээ уулзахад Соболева эмч тэтгэвэртээ суусан байлаа. Хамтдаа шинэ жил тэмдэглэж, орос ээжийнхээ охинтой танилцаж, Москвад арав гаруй хоноод эх орондоо ирмэгцээ гурван жил сурсан сургуулиа орхиж, Анагаахын дээдийн нэгдүгээр курст орж явчихаж. 1969 онд Хүний их эмч мэргэжил эзэмшсэн цэл залуухан Өвгөнбүргэд-Соболев 1972 онд эхнэр хүүхдээ дагуулаад орос ээждээ очиход, ээж нь нас өндөр гарч, ихэд ядруу болсон байв. “Гурван настай хүүг минь тэврэх гээд хүчрэхгүй байсан, 1974 онд өөд болсон доо” гээд аньсага нь чийгтэж, өнийн явдлыг эргэн дурсав бололтой удтал чимээгүй болов. Тэрээр хожмоо ч орос ээжийнхээ охинтой холбоотой байж, энэ сонин түүхээр нь Оросын төв телевиз тусгай нэвтрүүлэг хийж байсныг ч хуучилсан.

Халдвартын их эмч Өвгөнбүргэд-Соболев Дорнодын Халх гол сумаас ажлын гараагаа эхэлжээ. Түүнийг хөдөө ажиллаж байхад  шар, менингит зэрэг халварт өвчний дэгдэлт маш өндөр байв. Тэр бүхэнтэй залуу хүний зоримог зангаар тулж, Халх гол сумын Хүн эмнэлгийг аймагтаа тэргүүлэх хэмжээнд хүргэснийг эрүүл мэндийн салбарынхан одоо ч ярьдаг. Түүнийг Сэргэлэн сумын Хүн эмнэлэгт хэсэг ажиллуулаад аймгийн Халдвартын эмнэлгийн  эрхлэгчээр дэвшүүлэн, халдварт өвчний халуун цэгт шилжүүлсэн нь тохиолдлын хэрэг биш байлаа.

Мэргэжил нэгтнүүд нь “Бүргээ эмч аливаа халдварын голомт руу эрээлж цээрлэлгүй орж явчихдаг” гэж ярилцах нь бий.  Өөрөө ч “Түмний төлөө явахад юу л наалдав гэж” гэсэн зоримог шийдэмгий бодолтой хүн. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 33 жил тасралтгүй зүтгэсэн Өвгөнбүргэд докторын туулсан зам мөр, хийсэн бүтээснийг сонсоод төрийн хишиг нүдээ олохгүй юмдаа гэх бодол төрснийг нуугаад яахав. Их хотын алс бөглүү дүүрэгт зутруухан суудаг гэдгийг дам дуулснаа холбогдох хүмүүст дашрамд дуулгая.

Тарваган тахлаас цор ганцаархнаа амьд мэнд үлдэж, өдгөө наян насыг элээсэн ч нуруу тэнэгэр, ануухан сайхан өтөлж яваа Өвгөнбүргэд доктор гурван хүү, хоёр охин, тэднийхээ үр хүүхдийг тойруулан энх тунх сууна.

 

 

Холбоотой мэдээ