ДОРНОД: "Эмчийн туслах" төслийг хэрэгжүүлснээр амбулаторийн хүлээгдэл багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-09 15:13:31

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Дотрын тасагт "Эмчийн туслах" төслийг хэрэгжүүлснээр амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн хүлээгдэл багасч, тухайн эмчийн үзэж оношлох өвчтөний тоо нэмэгдсэн байна. 

Их эмч Э.Энхболор, М.Эрдэмтөгөлдөр нарыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн Дотрын клиникт эмчийн туслахаар томилон ажиллуулжээ. Тэд Дотрын клиникийн удирдагч Б.Ням, дотрын тасгийн их эмч Б.Батчимэг нарыг дагалдан, ажлын байран дээр суралцах, заавал эзэмших ёстой мэдлэг дадлыг олж авч байгаа юм.   

Ийнхүү төсөл хэрэгжүүлэн зохицуулалт хийснээр Дотрын тасгийн амбулаторийн эмч өдөрт 40 орчим хүн үздэг байсан бол энэ тоо нэг дахин нэмэгдсэн байна. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хамгийн ачаалалтай хэсгүүдэд эмчийн ачааллыг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай үзүүлэх зорилгоор туслах эмч ажиллуулах арга хэлбэрийг дэлхийн олон улс оронд ашигладаг. Харин манай улсын хэмжээнд анх удаа эмчийн хажууд залуу эмчийг дагалдуулах, туслуулах төсөл анх удаа хэрэгжиж байгаа аж.


Холбоотой мэдээ