ӨВӨРХАНГАЙ: П.ТАМИР САМАНДБАДРАА: Уран бичлэгт урлагийг шингээж өгсөн нь миний гавьяа юм даа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-10 17:00:04

Хархорин /МОНЦАМЭ/. Дэлхийн 800 гаруй калиграфчаас нэгт эрэмбэлэгдэн авьяас чадвараараа тэргүүлсэн уран зураач П.Тамир Самандбадраатай ярилцлаа. Тэрбээр Хархорин суманд “Эрдэнэсийн хүрээ” төвийг байгуулан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж байна.


-   “Эрдэнэсийн хүрээ” төвийг CNN агентлаг Монголд зочлох арван шалтгааны нэгээр тодруулжээ. Гэтэл суманд ийм гайхалтай төв үйл ажиллагаа явуулж байгааг хүмүүс төдийлөн мэддэггүй шүү дээ. Яагаад Хархорин сумыг сонгож байгуулав?

-   Калиграф монгол уран бичлэгийн төв байгуулъя гэж олон жил бодож ирсэн. 2010 оноос хойш ийм мөрөөдөлтэй байлаа. Гэхдээ Улаанбаатарт юмуу, түүний ойролцоох жуулчид ихээр очдог Цонжинболдог, Тэрэлж гэх мэт газрыг сонгох бодолтой байсан. Гэтэл Хархоринд ажиллах шалтгаан гараад найзуудтайгаа ирээд буцахдаа энэ сонголтыг хийсэн. Монгол Улсын нийслэл хот, Монголын уламжлалт төрийн бичиг бүгд Хархорины түүхтэй салшгүй холбоотой. Мөн эмээ, өвөө минь Өвөрхангай гарлын хүмүүс учраас Хархоринд төвөө байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдэл оносон гэж боддог. 


Яагаад гэхээр, гадны аялагч, жуулчид гол нь хөдөө орон нутаг дахь нүүдэлчин соёлыг л сонирхож ирдэг. Улаанбаатарт бол ганц, хоёр музей орохоос өөр очоод байх газаргүй. Төв суурин газрын гоё сайхан зүйл аль ч улс оронд байна. Байгалийн сайхан ч бүх оронд байна. Гэвч үүнээс илүү үзэж сонирхохыг хүсдэг зүйл нь тухайн улсын соёл, ард түмний ахуй амьдрал байдаг. Гоё шилэн байшин үзэх гэж ирэхгүй.


Энэ үүднээс CNN агентлаг Монголд зочлох шалтгаандаа манай төвийг оруулсан байна. Хөдөө орон нутагт жуулчдын зам дагуу түүх, соёлын өлгий нутагт оршиж байгаагаараа тэдний хүсэл сонирхолд нийцэж байгаа юм. Монгол уран бичлэгт зориулсан, үндэсний өв уламжлал бүхий гэр цогцолбор Монголд ганцхан манайх л байна.


-    Төвөө байгуулаад удаагүй ч олон ажил амжуулжээ. Онцлох ажлаа танилцуулах уу?

-    Уран бичлэг, калиграфыг олон улсад сурталчлан түгээхээс гадна орон нутгийн иргэдэд зааж сургах нь миний бас нэг зорилго юм. Дан ганц жуулчин хүлээж авах зорилгоор үйл ажиллагаа явуулбал бас өрөөсгөл талтай. Харин аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд нутгийн оршин суугчдаа түшиглэх, тэдэнтэйгээ хамтарч ажиллах ёстой.

Энэ хүрээнд сумын тусгай хэрэгцээт бүлгийн хүмүүс, “Солонго” асрамжийн газрын хүүхдүүдэд арт-терапи сургалт явуулдаг. Гарын хөдөлгөөн, амьсгал, бодол, зүрхний цохилт бүгд нэг цэгт ирж, төвлөрөл бий болж байж энэ бүтээлийг туурвидаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, тэргэнцэр дээр суудаг, саажилттай нэг охин халбага, сэрээ ч барьж чаддаггүй байсан бол оролдсоор байгаад бийр бариад сурчихсан чинь хөдөлгөөний эвсэл хамаагүй сайжирсан.


Бийрийн урлаг бол биеэ чангалах биш харин суллах, чөлөөлөх мэдрэмжээр хийдэг зүйл. Сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байдаг бол өөрийн асуудал, бэрхшээлийг үгээр биш, уран бүтээлээр илэрхийлж сурах нь өөртөө итгэх итгэлийг бий болгодог, тайвшруулдаг, бие болон сэтгэл санааны эмчилгээ болдог сайн талтай.


Мөн миний шавь Ч.Гандөлийн уран бүтээл энд байна. Энэ бүх хүмүүсийн туурвисан бүтээлүүд жуулчдын анхаарлыг татдаг. Гадны жуулчид мөнгөө юунд зарцуулж байгаадаа их ач холбогдол өгдөг л дөө. Өөрийнх нь мөнгө хөдөө орон нутгийн иргэдэд хөрөнгө оруулалт болж байгаад тэр хүн баяртай байдаг юм.


-    Таны бүтээлүүд маш их ур чадвар шаардсан, сэтгэл шингэсэн гэдэг нь харагдаж байгаа боловч яг юуг илэрхийлсэн болохыг би л лав ойлгохгүй байна. Та бүтээлээрээ юуг харуулахыг зорьдог вэ?

-    Уран бичлэг гэдэг бол уран сайхан, гоё бичиг гэсэн үг шүү дээ. Үүнийг урлаг болгохын төлөө зорьсон. Заавал ийм байх ёстой гэсэн дүрмээр биш, өөрийн дотоод ертөнц, мэдрэхүйгээс гарч ирж байгаа, хайрцаглагдаагүй, зах хязгааргүй зүйлийг уран бичлэгээр илэрхийлж, урлагийн бүтээл гаргахад өөрийн амьдралаа зориулж байна. “Монгол” гэдэг үгийг хүнд ойлгогдохоор, таалагдахаар бичье гэвэл тэр урлаг биш гар урлал болно. Жинхэнэ урлагийн бүтээл хийе гэж байгаа бол урьдчилж тооцоололгүйгээр өөрийнхөө тухайн үед мэдэрч байгаа зүйлийг л гаргах ёстой.

Миний хувьд өдөр бүр бийр бариад бүтээл гаргах гээд суудаггүй. Бийр барихын тулд өөрийгөө бэлдэнэ. Хүний тархи гэдэг чинь урьд өмнө харсан, мэдэрсэн, оюун бодолд байгаа таньдаг зүйлээ л хийх гээд удирдаад байдаг. Тэр тархины дарангуйллаас гарч, өөрийгөө чөлөөлөх ёстой юм. Тэгж байж хаана ч, хэзээ ч хийж байгаагүй давтагдашгүй бүтээлийг ухамсрынхаа чинадаас гаргаж авна. Түүнээс биш, өдөр бүр бийр бариад ингээд зурчихвал гоё болно, ингэчихвэл хүнд таалагдана гэх байдлаар уран бүтээлд хандвал өөрийгөө хуурсан, нүд хуурсан худал бүтээл болно.



-     Тэгвэл таны энэ бүтээлүүд тухайн цаг мөчид мэдрэгдсэн зүйлийн илэрхийлэл байх нь ээ?

-    Урлагийн боловсрол эзэмшсэн, мэдрэхүй, далд ухамсрыг ойлгож чаддаг хүмүүс л миний бүтээлийг ойлгоно уу гэхээс уулыг уул шиг зурсныг хараад уул байна гэж авдаг хүмүүс ойлгохгүй. Морийг морь шиг, уулыг уул шиг зурна гэдэг бол сандал, ширээ хийж байгаатай адил. Тэр хэзээ ч урлагийн төрөлд орохгүй. Урлаг гэдэг чинь харагдаж байгаа зүйлээс ямар зөн совин ирж байна, тэрийг цаасан дээр буулгахыг хэлнэ.

-     Таныг Тамир эсвэл Самандбадраа гэж хоёр янзаар нэрлээд байдаг. Ямар учиртай юм бол?

-    Тамир бол эцэг, эхийн өгсөн нэр юм. Самандбадраа гэдэг нэрийг манай Өвөрхангайн н.Бямбадорж гэж мундаг уран лам намайг төрөхөд өгч байсан юм билээ. Хүмүүс ихэнхдээ Тамир гэх нэрээр мэддэг. Тийм болохоор Тамир Самандбадраа гэж бичвэл зүгээр.

-    Таныг дэлхийн 800 калиграфч уран бүтээлчээс нэгт жагссан гэж сонссон?

-   ЮНЕСКО-гоос 800 калиграфчийн жагсаалтыг гаргаж, түүний нэгдүгээрт намайг эрэмбэлсэн байна лээ. Өөрийгөө магтах нь хаашаа юм. Гэхдээ сонсоод цочирдсон. Миний уран бүтээлийн үзэсгэлэнг нээж, хоёр ч эрдэмтэн калиграфын урлагт оруулсан хувь нэмэр, шинэлэг үзэл санааны талаар илтгэл тавьж байсан. Уран бичлэгт урлагийг шингээж өгсөн нь миний гавьяа юм даа.


-    Сумын иргэд, хүүхдүүдэд та шавь сургалт явуулдаг юм байна. Энэ гайхалтай ур чадварыг тань өвлөж уламжлах авьяастай хүүхэд байна уу?

-     Хүмүүс уран бичлэгийг их сонирхдог. Монголын үндэсний өв соёл учраас сонирхдоггүй хүн гэж байхгүй байх. Харамсалтай нь өнөөдөр монголчуудын амьдрал хүнд, юун урлагтай манатай байна. Уг нь манайхан чинь их зөн совинтой, аливаа зүйлийг ажиглаж, чагнаж хийдэг. Үүгээрээ бол дэлхийд өрсөлдөхүйц бүтээл туурвих чадвартай, авьяастай ард түмэн. Гэвч дан ганц урлаг хөөгөөд явах боломж нь алга.

Манай төвд одоогоор 60 гаруй хүн бийр барьж сураад байна. Монгол бичгийг цагаан толгойгоос эхлээд гэдэс, шилбэ гэж заахаас илүү урлаг талаас нь тайлбарлаж, гарал үүсэл, хөгжлийн тухай ойлгуулж өгснөөр хүмүүс маш дуртай хүлээн авч, оюун санаандаа тогтоогоод гардаг юм.


-    Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-    Уран бичлэг бол бүх урлагтай холбож болох оргил булаг байгаа юм. Доошоо хэдэн салаа болж ундарч болно. Энэ хүрээнд урлагийн бүх төрлийг холбож ажиллах бодолтой байгаа. Удахгүй Францаас хөгжмийн 20 гаруй багш, оюутнууд ирж, Хархорины багш нартай хамтын ажиллагаа тогтоох гэж байна. 6, 7 дугаар сард Чех, Францын уран бүтээлчид ирж манайд үзэсгэлэнгээ гаргана. Хархоринд шаазан ваар, шилэн урлагийн урлан байгуулна гэж боддог. Хаягдал шилийг дахин боловсруулаад урлагийн бүтээл болгох боломжтой. Хөдөө хээрээр дүүрэн л архины шил байна шүү дээ.


Аливаа юм шүтэн барилдлагатай байж оршин тогтноно. Дангаараа оршдог зүйл гэж байхгүй. Тэр утгаараа урлаг солилцооны татах хүчийг бүх хэлбэрээр ашиглаж үйл ажиллагаа явуулна.


Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье. 

Холбоотой мэдээ