Монголын боксчид ДАШТ-ээс 1 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль авч байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-12 16:59:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсад болж буй "Ташкент-2023"  боксын ДАШТ-д Монголын боксчид 2 медалийн болзол хангаад байна.


Тодруулбал, 63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн болзол хангаж, өнөөдөр мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлэх гэж байна.


Мөн “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, хоёр дахь хүрэл медалийн болзлыг хангасан. Хоёр дахь ДАШТ-дээ оролцож буй тэрбээр мөнгөн медалийн төлөө эзэн орон буюу Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай өнөөдөр тулалдана. Түүний өрсөлдөгч нь тивийн аваргын хүрэл медальтай, өнгөрсөн жилийн ДАШТ-д медалийн төлөө тулалдсан тамирчин юм. Б.Мишээлт нь ДАШТ-ээс хамгийн хүнд жинд медаль хүртсэн анхны монгол боксчин болж байгаа юм. 


Монголын боксчид ДАШТ-ээс 1 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль /нийт 14/ авч байсан түүхтэй бөгөөд Б.Чинзориг, Б.Мишээлт нар  ДАШТ-ээс Монголын боксчдын 15, 16 дахь медалийг авч байгаа юм.


Манай боксчдоос П.Сэрдамба ДАШТ-ий цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан алдрыг хүртээд байна. Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байв. 


ДАШТ-ий медальт монгол боксчид:

1. Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982”-57 кг, мөнгө

2. Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993”-48 кг, хүрэл

3. Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997”-60 кг, мөнгө

4. Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007”-54 кг, мөнгө

5. Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009”-48 кг, алт

6. Нямбаярын Төгсцогт “Милан-2009”-51 кг, мөнгө

7. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009”-64 кг, хүрэл

8. Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011”-48 кг, хүрэл

9. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013”-64 кг, хүрэл

10. Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017”-60 кг, хүрэл

11. Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018”-54 кг, хүрэл

12. Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019”-57 кг, хүрэл

13. Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023”-48 кг, мөнгө

14. Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023”-54 кг, хүрэл тус тус хүртэж байв.

Холбоотой мэдээ