ӨВӨРХАНГАЙ: Аймгийн соёл урлагийн салбарт 10.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-15 16:05:07

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт–2023” аяны нээлт өнөөдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, соёлын үрийг тарих нь тус аяны зорилго бөгөөд Соёлын яамнаас орон даяар зохион байгуулж байна.  



“Өвөрхангай аймаг бол үзэсгэлэнт байгальтай, баялаг өвтэй, Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхэнд тодрон гарсан алдартнууд олонтой, бүтээн туурвихын эрчис хурсан онцгой газар нутаг. Энэ бүхэн та бидний бахархал, бас соёлын шавхагдашгүй нөөц юм. Өврийн сайхан хангай нутгийн нэрийн хуудас болсон эдгээр үнэт зүйлээ хамгаалан хөгжүүлж, нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийн орон зайд үнэлэмж өндөр байлгахад оролцогч талуудын үүрэг хариуцлага, хүчин чармайлт нэн чухал” хэмээн Соёлын дэд сайд М.Батбаяр хэллээ.



“Монгол Улсыг дэлхий нийт юугаар таньж мэдэх вэ гэдгийг бид бодож үзэх ёстой. Эзэн Чингис хааны дайлаар мордсон түүхэн үйл хэргийн дараа Өндөр гэгээн Занабазарын туурвисан соёл урлагийн гайхалтай бүтээлүүдийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, эдгээр агуу хүмүүсийн үр сад, өнөөгийн монголчуудыг сонирхон судалж байдаг. Улаанбаатар хотод байгуулсан Их Эзэн Чингис хааны музейгээр ороход монгол хүн болж төрсөндөө омогшихгүй байхын аргагүй. Өв соёл, урлаг гэдэг ийм хүчтэй” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ онцоллоо.

Аяны нээлтээр ЦЕГ-ын “Сүлд” чуулга болон Улсын филармонийн уран бүтээлчид ая дууны мэнд дэвшүүлж, МЗЭ-ийн орлогч дарга, хэл шинжлэлийн ухааны доктор П.Нямлхагва “Монгол хэл Монголыг бүтээх нь” сэдвээр соён гэгээрлийн сургалт явуулсан юм.


Мөн энэ үеэр аймгийн СУГ-аас зохион байгуулсан “Нэг ном эрхэм үйлс”, “Сумын бүжиг 2023” аянуудын шилдэг оролцогчдод шагнал гардуулав.

2023 онд Өвөрхангай аймгийн соёл урлагийн салбарт 10.8 тэрбум төгрөгийн шинэ барилга, байгууламж барина. Тухайлбал, 6.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий Музейн барилга, Хужирт суманд 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Соёлын төвийг барьж, Уянга сумын Соёлын төвд засвар хийх, Хайрхандулаан сумын Соёлын төвд тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хийнэ. 

Холбоотой мэдээ