ХОВД: Эко цементийн үйлдвэр 300 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-16 11:44:45

Жаргалант /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг 10 жилийн хугацаанд 20.0 сая мод тарихаар төлөвлөсөн.  

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хашаандаа, нийтийн эзэмшлийн гудамж талбай, тодорхой цэгүүдэд мод тарьж байна.

Тодруулбал, "Ховд Эко" цементийн үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил үйлдвэрийнхээ зам дагуу 3000 гаруй мод тарьж, одоо ургуулан арчилж байгаа. 

Энэ жилийн тухайд тус байгууллага Ховд аймгийн төв, Буянт голын хойд хэсэгт 300 мянган мод тарьж, үрсэлгээ суулган услалтын системийг нь бүрэн шийдлээ.

Мод тарих ажлын хүрээнд 5 дугаар сарын 13-нд 3 га талбайг бэлтгэн худаг гаргаж, цахилгаан эрчим хүчээр холбосон. Тус байгууллагын 100 гаруй ажилтан 2 өдрийн хугацаанд харандаа үрсэлгээ суулган ажиллах юм. Мөн олон төрлийн жимсний модны үрсэлгээ хийж байна.

Дээрх талбайд 1-2 жилийн хугацаанд модны суулгацаа тариад, цаашид Ховд аймагтаа ногоон төгөл байгуулахыг зорьж байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.   

Холбоотой мэдээ