2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30,077 багш хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-16 13:46:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

 

Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа юм.

Хоёр дахь удаагийн үнэлгээ энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30,077 багш хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг

-Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн

-Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн

-Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн

-Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.

Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг

-Багш өөрөө

-Хамт олон

-Суралцагч

-Эцэг эх, асран хамгаалагч

-Заах аргын нэгдлийн ахлагч

-Нийгмийн ажилтан

-Сургалтын менежер

-Захирал үнэлнэ.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд

-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт

-Суралцагчийн хөгжил, хамгаалал

-Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа

-Сургалтын орчин бүрдүүлэлт

-Удирдлагын манлайлал, менежмент

-Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.

Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг

-Суралцагч

-Эцэг эх, асран хамгаалагч

-Хамт олон

-Орон нутгийн боловсролын газар, хэлтэс

-Сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ.

Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс нийслэл, аймгийн төв, сум-багийн төв гэсэн 3 байршлаар эрэмбэ үүсгэж, судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгох юм.

Холбоотой мэдээ