Каннын олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-16 16:12:43

ПАРИС/Festival de Cannes/. Каннын олон улсын кино наадам өнөөдөр эхэлнэ. Дэлхийн кино урлагийн алдартнууд, шинэ уран бүтээлчид орон нутгийн цагаар 19.00 цагт эхлэх наадмын нээлтэд оролцохоор Каннын эрэг дагуух алдартай цэцэрлэгт гудамжинд орших кино наадмын ордонд цуглана. 


Нээлтийн ажиллагааг Франц-Италийн жүжигчин Кэтрин Денев, Марчелло Мастроянни нарын охин Чиара Мастроянни хөтлөх бол  наадмын шүүгчдийн тэргүүлэгчээр Шведийн найруулагч Рубен Остлунд сонгогджээ.


Энэ жилийн наадам түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийн удирдлагын үед зохиогдож байгаагаараа онцлогтой. Германы продюсер Айрис Кноблох 2022 оны долоодугаар сарын 1-нээс сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн Пьер Лескюрын оронд Каннын кино наадмын ерөнхийлөгчөөр томилогджээ. 


76 дахь удаагаа зо­хиог­дож буй наадмыг жүжигчин, найруулагч Майвинн Ле Бескогийн "Jeanne du Barry” түүхэн киногоор нээнэ. Энэ кинонд Жанне Вобернье гэдэг бүсгүй XV Людовик хаантай уулзсаныхаа дараа Францын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсон тухай өгүүлнэ. Хааны дүрд Жонни Депп тоглосон агаад сүүлийн гурван жилийн хугацаанд түүний тоглосон анхны томоохон гол дүр юм. Найруулагч Б.Майвинн өөрөө киноныхоо эмэгтэй гол дүрийг бүтээжээ. Уг кинонд мөн жүжигчин Пьер Ришар тоглосон байна. 


Наадмын зохион байгуулагчид энэ жил үндсэн уралдаанд оролцох 21 киног сонгосон бөгөөд гол шагналын төлөө найруулагч Уэс Андерсоны “Asteroid City”, найруулагч Вим Вендерсийн “Perfect Days болон найруулагч Аки Каурисмякийн "Kuolleet lehdet” кинонууд өрсөлдөнө.


Энэ жил анх удаа үндсэн уралдаанаас гадуурх “Un Certain Regard” төрөлд Монголын найруулагч Пүрэвдашийн Золжаргалын “Баавгай болохсон” (If only I could hibernate) кино нэр дэвшсэн билээ. 



2023 оны кино наадмын хүндэт шагналыг АНУ-ын жүжигчин Майкл Дугласт гардуулна. Кино наадмыг зохион байгуулагчдын үзэж байгаагаар, өдгөө 78 настай жүжигчний "гялалзсан амжилтыг үнэлж", энэхүү шагналыг түүнд олгохоор болжээ. 

Холбоотой мэдээ