Тариаланчид дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний буудай нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн энэ оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын явцын талаарх танилцуулгыг хийлээ.
Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон байна.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 462.1 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байгаа аж. Үүнээс 2017 оны тариалалтад зориулан 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн, тэжээлд 22.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.3 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 375.7 мянган тонн буюу дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний буудай нийлүүлэх урьдчилсан төлөв гарчээ. Ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдал 93 хувьтай байгаа бөгөөд хураалтад 1076 комбайн, 502 ангилан хадагч, 477 төмс, хүнсний ногоо хураагч 517, үтрэмийн техник, тоног төхөөрөмж ажиллаж цаг агаар тааламжтай байвал ургац хураалтын ажлыг 25-30 хоногт гүйцэтгэх техникийн боломжтой гэнэ.
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил энэ сарын 4-нөөс эхэлж өнөөдрийн байдлаар нийтдээ 8.2 мянган га-гаас 11.9 мянган тонн үр тариа, 1.4 мянган га-гаас 14.8 мянган тонн төмс, 723 га-гаас 9.3 мянган тонн хүнсний ногоо, 975 га-гаас 3.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20 га-гаас 40 тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Б.Туул