Үндэсний номын баярыг НЗДТГ болон "Номын соёлт ертөнц" ТББ хамтран зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа буюу энэ сарын 26-28-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан НЗДТГ, "Номын соёлт ертөнц" ТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг номын баяр хүрээгээ тэлэхийн зэрэгцээ үүнтэй холбоотой тухайн баярыг угтсан, дагасан үйл ажиллагааны хэв маяг, уламжлал онцлогийг гадаадын болон дотоодын олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, “Дэлхийн номын нийслэл” цолд нэр дэвших, иргэдийн ном унших соёл, идэвх оролцоог сайжруулах, уншлагын чиг хандлагыг тодорхойлох, мэдэх эрхийг хангах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор “Номын соёлт ертөнц" ТББ-ын санаачилгыг дэмжих, өргөжүүлэхийг зөвшилцөж байгуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд болон хоёр байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хэлэхдээ, “Номын соёлт ертөнц” ТББ сүүлийн жилүүдэд номын баярыг өргөн дэлгэр зохион байгуулж байна. Бидний хувьд хэн нэгэн дарга өөрчлөгдөхөөс үл хамаарч номын баярыг түгээн дэлгэрүүлж, төв талбайд зохион байгуулахад үргэлж дэмжлэг үзүүлэх учиртай. Тиймээс баталгаажуулж энэхүү санамж бичгийг байгуулж байна. УИХ-ын даргын ивээл дор номын баярыг олон жил зохион байгуулж, жил ирэх тусам улам өргөн дэлгэр болсоор байна. Төрөөс “Номын соёлт ертөнц” ТББ-ыг үргэлж дэмжин ажиллах бол номд шимтэх, унших, үлгэрлэхэд хүүхдүүд та нар маань үеийнхнээ түүчээлэн ажиллах хэрэгтэй” гэв.
Санамж бичгийн хүрээнд НЗДТГ болон "Номын соёлт ертөнц" ТББ хамтран Үндэсний бичиг соёлын өдрүүд буюу Номын баярын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Мөн Номын баярыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах бөгөөд нийслэлээс жил бүр баярын цар хүрээг өргөтгөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Харин "Номын соёлт ертөнц" ТББ номын баярт оролцогчдод олон улсын стандартад нийцсэн асрыг хөнгөлөлттэй үнээр түрээслэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.