ДАРХАН-УУЛ: Утсаа цэнэглэх боломжтой халдаг сандал бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-18 09:07:20

Дархан /МОНЦАМЭ/. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд цахилгаанаар халдаг, амарч, зугаалж буй иргэд утсаа цэнэглэх боломжтой залгууртай сандал бүтээж байрлуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард уг сандлыг иргэдэд зориулж тавьсан ч төдийлөн анзаардаггүй байсан аж. Хоёр долоо хоногийн өмнө ШУТИС-ийн ДаТС-ийн сургуулийн оюутан өөрийн цахим хуудаст мэдээлэл оруулснаар иргэд сонирхох болжээ.



Хүйтэн, сэрүүний улиралд дулаацах, мөн USB оролттой залгуур байршуулсан уг сандлын нийт өртөг нь 800.000 төгрөг ажээ. Инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх эрхэм зорилготой “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон уг сандлыг дахин хийж Дархан-50, Морин хуур, Залуус цогцолборт тун удахгүй байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.




Гадаа температураас шалтгаалан сандлын халах дулааныг тохируулдаг бөгөөд 30 градус хүртэл халах боломжтой ажээ. Хиймэл чулуун хийцтэй уг сандлыг бүтээхэд ШУТИС-ийн ДаТС-ийн эрдэмтэн багш нартай хамтран ажилладаг бөгөөд удахгүй оюуны өмчид бүртгүүлэхээр төлөвлөсөн аж.




Ташрамд, аймгийн засаг дарга Б.Азжаргал дээрх цогцолборуудад цэнэглэгчтэй сандал хийхийг санал болгож байсан бөгөөд Хорват, Турк, Словени, БНСУ зэрэг улсаас туршлага судалсны үндсэн дээр уг сандлыг хийжээ.




Зарим улс, оронд зөвхөн халдаг, эсвэл зөвхөн цэнэглэгчтэй сандлууд байдаг аж. Тухайн хоёр санааг нэгтгэн халдаг, залгууртай /утас цэнэглэх/ сандлыг хийжээ. “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон дахин 10 сандал бүтээж хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.



Холбоотой мэдээ