АРХАНГАЙ: БОАЖ-ын сайд ойн хортон шавьжтай тэмцэх 3.0 тэрбум төгрөгийг шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг зуун жилийн түүхэн ойгоо угтан салбар бүрийн хөгжлийн гарц шийдлийг хайсан хөгжлийн форумыг зохион байгуулж буй.
Энэ удаад аймгийн ЗДТГ-аас холбогдох газруудтай хамтран байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг сайжруулах, улмаар салбарын хөгжлийг хангах гарцыг олох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцох зорилготой “Архангай-100 Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг зохион байгууллаа.
Форумд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон БОАЖ-ын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.
Тус аймагт Сум дундын ойн ангид 15, БОАЖГ-т 52, сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч 19, байгаль хамгаалагч 26, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 24, Ус цаг уур орчны шинжилгээний төвд 68, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд 14 албан хаагч гээд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамгаалалт, хөгжүүлэлтэд 200 гаруй албан хаагч ажиллаж байна.
Архангай аймгийн тухайд ойн сангийн хувьд 1.059.997 га ойн талбайтай, 106.725.320 шоо метр нөөцтэй ба 76,3 хувь болц гүйцсэн хөгширсөн ой, 21,5 хувь нь болц гүйцэж яваа дунд насны ой, 2,2 хувийг залуу ой эзэлж байна.
Тус аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2030 онд 20 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа ба 2023 оны байдлаар 523 мянган мод сөөг тарьж, амьдралт 90,2 хувьтай байна.
Архангай аймгийн БОАЖ-ын салбарын бодлого, төлөвлөлт зөв тал руугаа явж байна. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод тарих биш ойн сан бүхий аймаг учраас ой модоо хортон шавжаас хамгаалах ажлыг орхигдуулахгүй байхыг БОАЖ-ын сайд хэлээд 40.000 мянган га талбайд ойн хөнөөлт шавж устгалд шаардлагатай 3.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон юм. Ингэснээр энэ жил ойн хортонг бүрмөсөн устгах боломжтой болох юм.
Сибирийн хүр эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй зэрэг зүйлийн онцгой аюулт хөнөөлт шавж Архангай аймгийн их ойтой хэсэгт тархаж, чийг, хур тунадсаар дутмаг, хуурайшилт ихтэй жил богино хугацаанд үй олноор үржин их хэмжээний ой модыг хөнөөн сүйтгэсээр байгаа юм.
Мөн байгаль орчин, аялал жуулчлалын форумаар Архангай аймгийн үзэсгэлэнт газрууд, түүхэн улсын туурь, археологийн олдворууд, халуун, хүйтэн рашаан, шашин, соёл урлагийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсөн.
Хөгжлийг хөдөөд бий болгох, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эдийн засгийн гол салбар бол аялал жуулчлал. Хэлэлцүүлгээр аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хийсэн ТЭЗҮ, төлөвлөгөөнүүдийг танилцуулж, төрөөс хийх шаардлагатай дэд бүтэц, зам, эрчим хүчний хангамжийн талаар мэдээлэл солилцлоо.
“Архангай аймаг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтээр 2022 онд 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж бусад аймгаа тэргүүлсэнд баяр хүргэе. Архангай аймаг бол эртний түүх, соёлын өвийн өлгий нутаг. Аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой нутаг.
Тэрхийн цагаан нуур, Тайхар чулуу, Хоргын тогооноос авахуулаад хайрлаж, хамгаалах, зөв менежменттэй ашиглах шаардлага байна. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аас эцэслэн баталсан. Зөв менежменттэй байх эрхзүйн бодлогыг тусгаж өгсөн” хэмээн БОАЖ-ын сайд хэллээ.
Эртний түүх соёлын өлгий учраас нутаг дэвсгэрт байгаа туурь, балгас, археологийн үнэт олдворуудыг эхний ээлжинд ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг өөрсдөө ойлгож, бусдад ойлгуулах ажил чухал. Үүний дараа хамгаалах, аялал жуулчлалын бүс болгох нь чухал гэдэг дээр оролцогчид санал нэг байлаа.
Форумаас аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчин хүлээн авах хүчин чадал, чадвартай боловсон хүчний нөөц, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрхзүй, маркетингийн бодлогын зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг харгалзан, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай аялал жуулчлалын хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь аялал жуулчлалын цаашдын тогтвортой хөгжлийн гарц гэж үзэж, бодлогын болон орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдийн түвшинд зөвлөмж гаргалаа.