ЗАВХАН: Түр үзэсгэлэнг давхардсан тоогоор 300 орчим хүн үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг Улиастайнхан байгаль
орчноо хамгаалахын учир, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг бүх
насныханд өгсөн мэдээлэл сайтай өргөн тэмдэглэн өнгөрүүлжээ.
Завхан аймгийн Музей, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс хамтран "Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" сэдэвтэй түр үзэсгэлэнг тавдугаар сарын 18-аас 20-ны өдрүүдэд дэлгэлээ.
Үзэсгэлэнд цаг уурын байгууллагад одоо болон өмнө нь ашиглаж байсан багаж тоног төхөөрөмжүүд, шүүдэр хэмжигч бороо хэмжигч, хөрсний чийг хэмжигч, салхины хурд хэмжигч гэх мэтчлэн сонирхолтой багажуудыг дэлгэн тавьжээ.
Эдгээр багаж тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглаж, цаг агаарын үзэгдлийг урьдчилан мэдэж, олон нийтэд хүргэдэг талаарх мэдээллийг хүүхэд, багачуудад үзүүлж таниулсан нь тэдэнд сонирхолтой байлаа. Үзэсгэлэнг цэцэрлэгийн насны болон сургуулийн суралцагч, ахмад настан гээд нийт 290 гаруй үзэгч үзэж сонирхлоо.
Мөн үеэр уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах талаар ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн хүүхдүүд бүх насныханд мэдээлэл өгч, харилцан ярилцсан, гарц шийдлийг эхлүүлэхийг уриалсан үр дүнтэй уулзалтыг зохион байгуулсан. Музейн өдрөөр зохион байгуулсан сонирхолтой ажлын нэг нь ахмад настан, үе дамжсан ахмад малчдаас тэнгэр эрхэс, цаг агаар шинжих уламжлалт мэдлэгийнх нь талаар яриулж, олон нийтийн сүлжээнд мэдээлсэн ажил байв.
Аймгийн 24 сумын музейн ажилтнууд өөрийн нутагт соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг олон нийтэд сурталчлан таниулах, нутаг нутгийн болон малчдын уламжлалт цаг агаар шинжих мэдлэгийг видео хэлбэрээр цахимд байршуулсан нь хандалт сайн байв.
1977 онд Москва хотноо олон улсын Музейн ассоциацаас 5
дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын Музейн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан
бөгөөд 1992 оноос жил бүр нэгэн сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон
байдаг.
Энэ өдөр Музейн салбарт гаргаж байгаа ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцдэг.
Энэ жилийн олон улсын музейн өдөр “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдэвтэй. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Тиймээс манайхаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг үр
дүнтэй уриалгуудыг олон нийтэд хүргэхээр ажилласан юм.
Учир нь олон улсын музейн зөвлөл 2018 оноос НҮБ-ын
Тогтвортой хөгжлийн зорилгыг өөрийн цөм эрхэм зорилгоо болгож 2020 оноос хойш
Олон улсын музейн өдрийн үйл ажиллагаагаар дамжуулан Тогтвортой хөгжлийн
тодорхой зорилгуудыг дэмжин ажиллаж ирсэн.
Тухайлбал олон улсын музейн өдрөөр манайхаас тогтвортой
хөгжлийн 13 дахь зорилго болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг
багасгах, 15 дахь буюу хуурай газрын эко системийг хамгаалах зорилгуудын талаар
мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхэд багачууд, иргэдэд зориулсан мэдээллийг
хүргэсэн гэж Завхан аймгийн Музейн боловсролын ажилтан М.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.