БАЯН-ӨЛГИЙ: Ардын жүжигчин Б.Дамчаагийн хүрэл хөшөөг босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-22 10:02:27

Өлгий /МОНЦАМЭ/. Буянт сумын ИТХ-ын 2020 оны 4 дүгээр тогтоолоор тус сумын төв талбайг Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаагийн нэрэмжит болгосон.

Тэгвэл тухайн талбайд Б.Дамчаа агсаны хүрэл баримал хөшөөг босгож, өчигдөр нээлтийг нь хийлээ.

Хөшөөг Буянт сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан жүжигчний үр хүүхдүүд, ах дүү нар болон тус сумын анхны Засаг дарга Я.Хүрлээ үр хүүхдүүдийнхээ хамтаар босгосон ба уран  барималч С.Сүх-од, Д.Шийтэр нар урласан аж. 

Хөшөөний нээлтэд сумын Засаг дарга Н.Хибатай, Улаанбаатар хотоос Б.Дамчаа агсаны охин Д.Болор, дүү Б.Шуурай, Я.Хүрлээгийн үр хүүхдүүдийн төлөөлөл болж Х.Алтантуяа, Х.Болортоль, Х.Болор-Эрдэнэ, Х.Батсайхан нар болон сумын иргэд оролцсон байна.  

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин Банзарын Дамчаа 1932 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төржээ. Тэрээр “Үер”, “Өглөө”, ‘Төгсгөл”, “Хил дээр”, “Төөрсөөр төрөлдөө”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү”, “Ичээнд нь”, “Хатанбаатар” 1 ,2-р анги, “Сахиус уу, сахиул уу”, “Мандухай цэцэн хатан”, “Зуслангийн найзууд”, “Газрын жигүүр”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Зарлаагүй дайны оршил”, “Нарны унага”, “Би чамд хайртай” 1,2-р анги, “Хааны сүүлчийн хатан” зэрэг олон арван кинонд тоглож Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн уран бүтээлч, жүжигчин юм.

Түүнчлэн “Говийн нүдэн”, “Зуслангийн найзууд”, “Хатанбаатар”, “Нарны унага”,”3арлаагүй дайны оршил”,”Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү” зэрэг кинонуудад хоёрдугаар найруулагчаар ажиллаж, орчуулгын 330 гаруй кинонд дуу оруулсан ажээ.


Холбоотой мэдээ