ЗАВХАН: Амьтдын нөөцийг тогтоох, хамгаалах, нутагшуулахад судалгааны ажил чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-22 13:25:51

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд хууль бус ашиглалтад өртөж буй биологийн төрөл зүйл нь монгол тарвага, халиун буга, алтайн хойлог, Улаагчны хар нуурын загас байна.

Олон улсын биологийн олон янз байдлын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ жил Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээеуриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.


НҮБ-аас 5 дугаар сарын 22-ныг "Биологийн олон янз байдлыг хамгаалах" Олон улсын өдөр болгон зарласан бөгөөд манай улс 2010 оноос тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарал, санаачилгыг татах. Тэр хэрээр амьтан ургамал байгаль орчноо хамгаалах хүслийг төрүүлэх. Байгаль ногоон үзэл баримтлалын талаар иргэдэд боловсрол олгох зэрэг ач холбогдол ихтэй аж.

Завхан аймгийн хэмжээнд хууль бус ашиглалтад өртөж буй биологийн төрөл зүйл нь монгол тарвага, халиун буга, алтайн хойлог, Улаагчны хар нуурын загас өртөж байна. Тиймээс биологийн эдгээр төрөл зүйлүүдийг хамгаалах зорилгоор ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгааны ажлыг 2014, 2018 онд хийсэн.

Энэ онд дахин хийхээр тендер зарласан байгаа. Энэ судалгаа нь аймгийн хэмжээнд агнуурын ач холбогдол бүхий амьтны нөөцийг тогтоох, зөв зохистой ашиглах, хамгаалах, агнуурын зөв зохистой менежмент хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  


/Алтайн хойлог/

Хууль бус ашиглалтад өртөж буй монгол тарвага гэхэд 2019 онд 63, бор гөрөөс, халиун буга хоёр, 2020 онд 238 тарвага, халиун буга хоёр, Улаагчны хар нуураас загас барьсан гурван иргэний 561 ширхэг загасыг тус тус хураан авч хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Мөн 2021 онд 12 тарвага, халиун буга гурав, алтайн хойлог нэг, Улаагчны хар  нуураас загас барьсан нэг иргэний 3003 ширхэг загасыг хураан авсан. 2022 онд 80 тарвага, Улаагчны хар нуураас загас барьсан гурван иргэний 1324 ширхэг загасыг тус тус хураан авч хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.


/Монгол тарвага/

Завхан аймаг эдгээр амьтдыг хамгаалах, нутагшуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тухайлбал, алтайн хойлог, баданга хүдэр, монгол тарвага зэрэг ховор зүйлүүдийн тархац нутаг болон сэргээн нутагшуулах газруудыг тогтоох судалгааны ажлыг Отгон бор хавцал ТББ-тай хамтран 2019 онд хийсэн. Энэ судалгааны ажил нь тухайн амьтдын нөөцийг тогтоох, хамгаалах, нутагшуулах үр дүнтэй судалгааны ажил болсон.

Мөн Дөрвөлжин сумын нутагт орших, Бага нуурын гидробиологи, гидрохимийн судалгааг 2020 онд хийсэн. Тус нуурт 2018 оноос хойш 16 зүйлийн нүүдлийн 10 мянга орчим шувуу үхсэн. Энэ судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нуурын усны түвшин багассан, малын сэг зэмээр бохирдол их гэж гарсан.

Судалгааны дүнд хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулсны дүнд нүүдлийн шувуудын амьдрах орчныг сайжруулж хамгаалаад байгаа. Мөн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй

Баян айраг эксплорэйшн ХХК-ийн дүйцүүлэн хамгаалалын чиглэлээр говийн бүс биологийн олон янз байдлын судалгааны тайланг 2020 онд хийсэн байна.

Энэ судалгаагаар цоохор ирвэс, мануул мий, янгир ямаа, алтайн хойлог зэрэг амьтдын байршил, тоо толгой зэргийг судлан зураглал гаргасан.



/Халиун буга хөдөлгөөнт камерын дуранд/

Харин 2022-2023 онд Алдархаан, Цагаанхайрхан сумын нутагт арцны төрөл зүйл, нөөц тогтоох судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд тухайн судалгааны ажлыг хийснээр зохих зөвшөөрөлтэйгээр арц бэлтгэх боломжтой эсэх талаар дүгнэлт гарна. Одоогоор судалгааны ажил дуусаагүй байна.


/Хууль бусаар барьсан Улаагчны Хар нуурын загас/

Түүнчлэн энэ онд Улаагчны хар нуурын загасны нөөц тогтоох судалгааны ажил хийлгэхээр тендер зарласан бөгөөд Биологийн хүрээлэн шалгарсан. Энэ судалгаа нь нуурын загасны нөөцийг тогтоож, зөв зохистой ашиглалтыг бий болгох.

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх замаар хамгааллын зөв механизмийг бүрдүүлэх, хууль бус ашиглалтыг бууруулах арга замыг тодорхойлох зорилготой юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ